Улаанбаатар хотын онцлох интерьертэй газрууд
2022-04-27

Интерьер зөвхөн гоё сайхан харагдац биш өвөрмөц байдал, тав тухыг мэдрүүлэгч шийдэл. Тиймдээ ч сүүлийн үед томоохон оффисууд ажилчдадаа тав тухыг бэлдэж, ресторан, дэлгүүрүүд үйлчлүүлэгч нартаа өвөрмөц мэдрэмж төрүүлэхийг эрмэлздэг болов. Энэ удаад бид Улаанбаатар хотод байрлах онцлог өнгө төрх, интерьерийн онцгой шийдэл бүхий газруудыг танилцуулж байна.

 

1.   Хаадын гэр-галерей дэлгүүр

 

Монгол гэрийн уран тансаг хийц, эртнээс уламжлалтай нүүдэлчин ахуйн эдлэлүүд, орчин үеийн хэрэглээнд нийцсэн эсгий олбог, йогийн гудас, шавар бурхан, эсгий уран зураг, трапец болон цилиндр авдар гээд бүх эдлэл энд бий. Зөвхөн худалдан авалт хийхэд бус түүхийн ач холбогдолтой эдлэл хэрэглэлүүдийг танин мэдүүлэх зорилготой тус дэлгүүрийн зохион байгуулалт нь маш энгийн хэдий ч интеьерийн шийдэл нь онцгой. Арц гангын үнэр анхилж, уртын дуу үргэлж эгшиглэх тус дэлгүүрийн үүдээр ормогц мартагдах шахсан Монгол ахуй мэдрэгдэж сэтгэл баясгана. Бүтээлүүдээ орчин үеийн-уламжлалт-түүхэн хэмээн төрөлжүүлж гаргадаг ба дэлгүүр дотроо мөн тэгж байрлуулсан. Эсгийгээр хүний хөрөг, үзэсгэлэнт байгалийн үзэгдэл, бүр домгийн шинжтэй амьтдыг хүртэл нарийн дүрсэлсэн уран зургууд хананд нь өлгөөстэй. Саяханыг хүртэл байсан хонины ноосоор зөвхөн эсгий ширдэг, гудас хийдэг гэх ойлголтыг өөрчилж, урлагийн бүтээлийг амилуулан сувинер хүртэл хийсэн нь гайхалтай.

 

Интерьерийн салбарт байгалийн гаралтай түүхий эд ашиглах нь тренд болж буй. Бүх бүтээгдэхүүний орцод зөвхөн мод, ноос, шавар гэсэн байгалийн түүхий эд л байдаг тус галерей дэлгүүрийг хүн бүхэн онцлон харах биз ээ. Мөн тус галерей дэлгүүр нь 100-150 жилийн настай өв дамжин ирсэн авдарнуудыг өөрийнх нь өнгө аясаар сэргээх үйлчилгээ ч үзүүлдэг юм. Үр хойчдоо өвлөгдөх хамгийн нандин бүтээл танай гэрт байгаа бол эднийд сэргээлгээд дахиад олон жил хадгалах боломжтой.

 

2.Монгол хэв шинжийг илэрхийлэх NEGD store

 

 

Хаад ноёд, эртний дээдсийн гэмээр өнгө төрх бүхий шийдэлд дуртай хүмүүс анхаараарай. Эртний хэв маягийг орчин үеийн интерьерийн шийдэлтэй хослуулсан төгс шийдлийг та энэ дэлгүүрээс харна. Хаалганы бариулаас эхлээд хувцас солих өрөө хүртэл дизайнаруудын сор бүтээл гэмээр. Гадны жуулчдын анхаарлыг татахаас гадна монголчууд бидний мартагдах шахсан монгол үндэсний, дээдсийн хэв маягийг шингээжээ.

 

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан хөөрөгний шүрэн толгойн чимэглэл бүхий хаалга нь хүндтэй зочидтой мэндэлж, угтахаас гадна хаалганы улаан өнгө нь өөдлөн дэвжих, бат бөх урт удаан хүчирхэг байхын бэлгэдэл. Шүр нь атаа жөтөө, хар хор сэтгэлийг арилгаж, муу бүхнээс хамгаалдаг чулуу билээ. Тиймээс уг хаалгаар орохдоо цэвэр ариун сэтгэлийг өвөртөлж орж байгаа гэдгийг бэлгэджээ. Хаалга бол бүхний эхлэл угтан авах хэсэг учир хаалгаар орж буй хүн бүртэй хөөрөг зөрүүлэн мэндэлж буй утгатай.

 

Язгуурын нүүдэлчдийн соёлыг хамгаалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийг бэлгэдэн ЗЭЭ БАД-ыг хаалганыхаа бариуланд оруулж өгсөн байна. ЗЭЭ БАД хээ нь муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэл агаад үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтайгаар дүрслэгддэг.

 

 “The DEEL” брендийн хувцсыг өмссөн хүнд хайрцагнаас гарсан мэт мэдрэмжийг төрүүлэхээр зохион бүтээгдсэн. Мөн энэ хайрцаг нь угсарч болдог учраас заалныхаа хаана ч нүүлгэн байрлуулах боломжтой аж. Хувцас солих өрөөнөөс хувцсаа өмсөөд алхахдаа өөрийгөө тайзан дээр буйгаар төсөөлж, үйлчлүүлэгч бүрийг өөртөө итгэлтэй, баяр баяслаар дүүрэн байгаасай хэмээн зорьсон сонирхолтой шийдэл.

 

3.Choijin lounge& restaurant

 

 

Уламжлалт хэв загварыг орчин үетэй нийлүүлсэн сонирхолтой өнгө төрх бүхий Чойжин лоунж ресторанаас интерьерийн төгс шийдлийг бүрэн мэдэрнэ. Тус рестораны интерьер модерн классик чиглэлийг баримтлан үндэсний хээ, монгол гэрийг санагдуулах модон хийцлэлтэй. Мөн Европын тансаг уур амьсгалыг шингээсэн нь олон хүний сонирхлыг татдаг. Монгол гэрийг санагдуулам модон хийцлэлтэй тойрог суудал дээр суугаад эгц дээш харахад тооноор нь хөх тэнгэр байхаар хийсэн нь бас нэгэн гайхалтай шийдэл. Мөн текний нүүр хэсгийг арслантай авдар мэт чимэглэснээр Чойжин ламын музейн хаалганы өнгө аясыг тодотгосонн нь илт.

 

4.Cinderella beuty clinic

 

 

Монгол Улсдаа гоо заслын салбарыг өргөжүүлэн, дэлхийн дахинд хийгдэж буй мэсийн бус болон мэс заслын бүх эмчилгээ үйлчилгээг  явуулдаг тус газар нь үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангадаг. Үүднээсээ л анхаарал татахуйц дотоод засал нь бүсгүйчүүдийн хүсдэг орчин гэмээр. Цаашлаад эмчилгээний өрөө, гоо заслын өрөөнүүд нь өөр өөрийн гэсэн онцгой шийдэлтэй. Энэ газраар үйлчлүүлсэн бүсгүй хүн бүр өөрийгөө интерьерийн төгс шийдлийн ачаар яг л гүнж эсвэл жаахан охин шиг мэдрэх болов уу.

 

5.Nomi studio

 

 

Nomi studio нь интерьер дизайны ач холбогдлыг таниулж, монгол хүний өдөр тутмын хэв маягт тохирох загварыг санал болгон ажилладаг. Хүн амьдралынхаа ихэнх хэсгийг ямар нэгэн интерьер дотор өнгөрүүлдэг. Тиймээс сэтгэл зүй, шийдвэр гаргалт зэрэгт дотоод орчны тохижилт гайхалтай нөлөөлдөг. Та гэр болон оффисдоо шинэ засал, шинэ өнгө төрхийг бүрдүүлэх сонирхолтой бол ‘’Nomi studio’’ дэлгүүрээр үйлчлүүлэн мэргэжлийн дизайнераас зөвлөгөө аван, гадны шилдэг дизайнеруудын бүтээл, тавилгыг авч болох юм. Мөн энэ дэлгүүрийн онцлог интерьерээс байгалийн болон орчин үеийн шийдэл бүхий дахин давтагдашгүй мэдрэмжийг авах боломжтой.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин