Монгол оюутнуудыг татан авах ажиллагааг хойшлууллаа

ГХЯ-аас Украйны нөхцөл байдал, иргэдийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд "Украины Харьков хотод 18 оюутан, 4 байнга оршин суудаг Монгол иргэн бий. Киев хотод 12 оюутан, 3 байнга оршин суудаг иргэн байна. Харьков хотод байгаа оюутнууд хэсэг хугацаанд хорогдох байранд байсан. Өнөөдрийн байдлаар зарим оюутнууд нь хорогдох байрнаасаа гарч, өөр байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Киев хотод байгаа Монгол оюутнууд бүгд оюутны байрандаа байна. Бусад хотуудад байгаа иргэд өөр өөрсдийн гэрт байгаа гэсэн мэдээлэл бий.
...Бид хоёрдугаар сарын 26,27-нд иргэдээ татаж авахаар Киев-Истанбул, Харьков-Истанбул чиглэлийн нислэгт захиалга өгсөн боловч харамсалтай нь тухайн өдрүүдийн нислэг цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авахаар судалж байна.
Одоогийн байдлаар Киев, Харьков болон бусад хотуудын орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Уг нөхцөл байдлаас хамаарч иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байна. Тиймээс Украин дахь Монгол иргэддээ нөхцөл байдлыг намжтал байгаа газартаа байх зөвлөмж өгч байгаа.
Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийн төлөөлөл ирж уулзсан. Энэ үеэр шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгсөн" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ