МАН-ыг Монгол даяар анхааралтай ажиглаж байна

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдах гэнэ. Тус хурлаар Хөгжлийн банкнаас зээл авсан, нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцно гэсэн хүлээлт байна. Гэхдээ хэнд ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна.
МАН-ын дүрмийн өөрчлөлт болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр бол цөөнгүй хүн хариуцлага үүрнэ. УИХ-ын гишүүдээсээ эхлээд намдаа үүрэг оролцоотой хөрөнгөлөг гишүүд нь намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ, зарим нь хөөгдөж ч болзошгүй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцсон боломжийг өөрсдөө ашиглахгүйгээр дийлдэхээ больсон олон зүйлийг цэгцэнд нь оруулахын төлөө ажиллаж, зогсохгүйгээр урагшилна" гэж ярьсан. Нийгмийг бухимдуулж буй дийлдэхээ больсон олон асуудал тус намынхантай холбоотой. Тэгэхээр цэвэрлэгээг намаасаа эхлэх нь зүйтэй.
МАН улс төрийн хариуцлага хүлээлгэж чаддаг нам болохыг зорьж буй. Тиймдээ намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Асуудалд холбогдсон гишүүдийг эхлээд намаас түдгэлзүүлнэ. Хуулийн байгууллагад шалгуулж, гэм буруугүй нь тогтоогдвол буцаад намдаа орж болно. Харин шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, авлига, албан тушаал, эрх мэдлийн хэрэгт унавал намаасаа хөөгдөнө. Буцаж намдаа орох асуудал огт байхгүйгээс гадна аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаал өгөхгүй өгөхгүй гэдгээ МАН-ын удирдлагууд мэдэгдээд буй.
Энэ дүрэм ёсоор бол УИХ-ын гишүүдээс эхлээд цөөнгүй албан тушаалтан хариуцлага хүлээх учиртай. Харин өнөөдөр МАН дүрмээ хэрхэн хэрэгжүүлэхийг улс даяар харж, хүлээж байна.
Улс даяараа дэмжиж, эрх баригч болгосон намаасаа ихийг хүлээх нь зүй ёсны хэрэг л дээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ