Тель Авив-2022: Эхний өдөр гурван жүдоч медаль авлаа
2022-02-18

Тель Авив-2022 Гранд Сламын эхний өдөр -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Францын Дайки Боубаг торгуулиар ялсанаар Гранд Слам ангилалаас ээлжит медалиа гардлаа.

 

 

Б.ЦОГТ-ОЧИР ГРАНД СЛАМ АНГИЛАЛААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Бямбажавын Цогт-Очир Гранд Слам ангилалаас анхны медалиа гардлаа. Тэрбээр Тель Авив-2022 Гранд Сламын -60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Гүрж гаралтай Недерландын жүдоч, Токио-2020 олимпын тавдугаар байрын шагналт Торнике Цжакадоег нэмэлт цагт буулгаж авлаа.

 

 

Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

"Тель Авив-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртлээ.

 

 

Ингэснээр манай улс медалийн чанараараа Тель Авивын Их дуулгын эхний өдөр гурван хүрэл медальтайгаар 34 орноос наймдугаар байрт бичигдэж байна.

Shuud.mn
Сонин хачин