Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам барих олон улсын тендер зарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төмөр замын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тогтоол баталлаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2024 онд хэрэгжүүлэхээр заасан ажил болон Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Монгол Улсын баруун босоо чиглэлийн төмөр зам, Зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Монголын төмөр зам төрийн өмчит компанид олголоо.
Баруун босоо чиглэлийн төмөр зам Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км зам
Зүүн босоо чиглэлийн төмөр зам нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 км зам баригдана.
Тус төмөр замуудыг гадны болон дотоодын хөрөнгө оруулалт, төмөр замын дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран бүтээн байгуулах аж. Төсөл хэрэгжсэний дараа Монгол Улсад 4700 км урт төмөр замын сүлжээ бий болно гэдгийг ЗТХ-ийн сайд Н.Халтар танилцууллаа.
Харин Тавантолгой чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг 2022 оны эхний хагаст багтаан явуулахыг салбарын сайд хэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамыг барихаар олон улсад нээлттэй тендер зарлах шийдвэр гаргалаа. Өмнө нь энэ төсөлд тендер зарлагдаж, 2015 онд гүйцэтгэгч шалгарсан ч ажил хангалтгүй байснаас концессын гэрээ цуцлагдсан байна. Тиймээс 2022 оны 02 дугаар сарын 15-нд багтааж, олон улсад тендер зарлах үүргийг Ерөнхий сайд өгчээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ