УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахмадуудыг тэмцэлд уриаллаа

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар хэлэлцэх асуудлын талаар горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Ахмадууд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэрээр амьдарч байна. Үнийн өсөлтийн энэ үед маш хүнд нөхцөл байдалд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 30-40 жил өндөр хувиар төлчихөөд бага тэтгэвэр авч байна. Долоон жилийн дундажаар бодсоноос болоод бүр багасч байна. Тиймээс миний биш долоон жил биш таван жилийн дундажаар тэтгэврийг тооцох тухай болон 2018 оноос хойш долоон жилээр тооцуулсан хүмүүсийг таван жилээр бодуулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг хэлэлцэх санал гаргасан ч УИХ-ын даргын зөвлөл хэлэлцсэнгүй. Энэ хуулийг баталвал ахмадууд сард дундажаар 120 000 төгрөгийн нэмэгдэл авах юм. Хөшөө барихад мөнгө зардаг хэрнээ ахмадуудаас мөнгө харамладаг төр байж болохгүй. Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа учраас би ахмадуудтай хамтарч тэмцэхээр болсон. Долоон жил биш таван жилийн дундажаар тэтгэвэрээ тогтоолгоцгооё гэсэн фэйсбүүк групп нээсэн. Энд хуулийн төсөл, бүх мэдээлэл орсон байгаа. Ахмадууд энэ групп руу зургаа аваад явуул. Би хэвлээд танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ. Эхний ээлжинд УИХ-ын дарга сонгогдсон Баянхонгор аймаг, Ерөнхий сайд сонгогдсон Хэнтий аймгийн талбай дээр, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, энэ асуудлыг хэлэлцэх хэлэлцэх байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар сонгогдсон Чингэлтэй дүүргийн үүдэн дээр 50 хүн энэ шаардлагыг бариад зогсооч ээ. Ахмад хүмүүс битгий удаан зогсоорой. Энэ шаардлагыг биелүүлж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол сум бүрийн ахмадууд шаардлага тавина.
Цагаан сар дөхөж байна. Ахмадуудад зориулсан энэ хуулийг баталчихаад тойрогтоо очвол та бүхэнд маш чухал. Ахмадуудтай тулж ажилладаг Н.Учрал, Г.Тэмүүлэн гишүүд та нар бүгдээрээ мэдэрч байгаа шүү дээ. Та нар залуу хүмүүс ч удахгүй ахмад болж, тэтгэвэр ярих болно. Тэр цагт та нарын толгой руу орно шүү. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж, ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг шаардаж байна” гэсэн горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг хойшлуулах санал гаргаж байна. Хууль санаачлагч УУХҮ-ийн сайд гадаадад томилолтоор ажиллаж байна. Тиймээс энэ хуулийг долоо хоногоор хойшлуулж, хууль санаачлагчийг байхад асуудлыг ярих боломжийг бүрдүүлж өгөөч гэж горимын санал гаргаж байна.
Манай улсад үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийг дэмжих зайлшгүй шаардлага байгаа. Манай улсад хүнд үйлдвэр байхгүй болчихоод байна. Байхгүй зүйлээ бий болгохын тулд хууль эрхзүйн бодит дэмжлэг үзүүлсэн, татварын асуудал, газрын харилцаа, барилгын норм дүрэм, стандарт зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Засгийн газрын 2024 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ асуудал туссан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн Хүнд үйлдвэрийн тухай хууль Үйлдвэржилтийн байнгын хороогоор хэлэлцэгдсэн. Гэхдээ энэ хууль дэмжлэг авалгүй, унасан байгаа. Бид энэ асуудлыг нухацтай ярьж, гарц шийдлийг хайж, Засгийн газар, УИХ-ын түвшинд ойлголцол бий болгох зайлшгүй шаардлага байна. Асуудлаа ний нуугүй ярьж, гарцаа хайя гэсэн горимын санал гаргалаа. Хууль санаачлагч эзгүй үед хуулийн төслийг хойшлуулах дэгийн хуультай. Тиймээс Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.
Үргэлжлүүлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталж, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ