“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялсанаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж ТОП-20-д дэвшихээр болоод байна.
Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.
Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг “Абу Даби-2021” Гранд Сламаас 2 алт 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос 3-р байрт бичигдэж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилтаар бэлэг барилаа.
Эх сурвалж: МЖБХ
Уншиж байна |