Олон улсын оюутны спортын холбооноос өчигдөр орой БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 6-нд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа.
Дэлхийн шилдэг 24 баг оролцдог эрэгтэй сагсан бөмбөгийн багуудын жагсаалтанд Монгол Улсын баг эрэгтэй баг багтаж, тус наадамд оролцох эрхээ авлаа. Энэхүү эрхийг авахын тулд Монголын оюутны спортын холбооноос ихээхэн анхаарал хандуулан, олон сарын өмнөөс хөөцөлдөж, наадамд оролцуулах ажлыг ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Универсиад наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань болон манай улсын таван баг оролцоно. Харин Европоос 13 орны баг тамирчид орох бол, Америк тивээс Бразил, Канад, Мексик, Аргентин, АНУ-ын таван баг, Африк тивээс ӨАБНУ-ын хүчтэй багууд оролцох эрхээ авчээ.
Багуудын сугалаа нь 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Чендү хотноо наадамд оролцох төлөөлөгчдийн ахлагч нарын хурлын үеэр болно. Багууд нийтдээ дөрвөн хэсэгт хуваагдан, зургаан багтай тоглоно.
Дашрамд дурьдахад Монголын баг тамирчид 2013 оны Казань, 2015 оны Гванжугийн дэлхийн “Универсиад” наадмуудад оролцон амжилттай тоглон нийтдээ таван хожил авч, шилдэг 24 багаас 16 ба 17 дугаар байрт тус тус шалгарч байв. Харин МОСХ-ноос 2017, 2019 оны дэлхийн “Универсиад” наадмуудад оролцох мэдүүлэг, баталгаагаа гаргаж байсан боловч, тодорхой шалтгааны улмаас Монголын багийг оролцуулаагүй юм. Ийнхүү Монголын оюутны сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид гурав дах удаагаа дэлхийн Универсиад наадамд оролцох боллоо.
Эх сурвалж. Монголын оюутны спортын холбооны хэвлэлийн алба
Уншиж байна |