Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТАСС-д өгсөн ярилцлага

img


 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын  ТАСС агентлагийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусманд ярилцлага өгснийг товчлон хүргэж байна. 


—Ноён Ерөнхийлөгч өө, энэ сайхан монгол гэрт биднийг уулзах боломж олгосонд талархаж байна. <...> Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой гэсэн манай хоёр орны хувьд чухал өдрийн босгон дээр бид уулзаж байна. Миний үзэж байгаагаар энэ 100 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа сайхан байсан. Түүнчлэн танай орны ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайнд бидний хамтын дайсан болох Японы милитаризмтай  тулалдахад хувь нэмрээ оруулж байлаа. <..> Та Монгол, Оросын найрамдал, харилцааны энэ 100 жилийг хэрхэн дүгнэх вэ? 


— Намайг ярилцлагад урьсанд маш их баяртай байна. <…> Таны хэлсэнчлэн, энэ он Монголын хувьд түүхэн ойгоор дүүрэн байлаа. Тулгар төрийн 2230 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элсэн орсны 60 жилийн ой тохиож байгаа юм. Мөн түүнчлэн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. <…>


Хоёр орны хувьд өмнөх 100 жил найрамдлын зуун байлаа. 1921 онд манай улс тусгаар тогтнолын төлөө тэмцэж, энэхүү эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд та бүхний мэдэж байгаачлан тухайн үеийн Зөвлөлтийн засгийн газар асар их туслалцаа үзүүлж байлаа. 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр тусгаар тогтнолоо зарласнаас хэдхэн сарын дараа 11 дүгээр сарын тавны өдөр манай агуу жанжин Д.Сүхбаатар болон сайд С.Данзан нарын тэргүүтэй Монголын төлөөлөгчид Мосзваг зорьж, найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байлаа. Энэхүү үйл явдал нь хоёр орны хооронд диломат харилцаа тогтоосны баталгаа болсон юм. 


Тэр үеэс хойш бүхэл бүтэн зуун өнгөрчээ. Цаашлаад олон түүхэн үйл явдал болсон <…> Тухайлбал Халхын голын дайн, Аугаа их эх орны дайн, 1946 оны Чөлөөлөх дайн байна. Эдгээр сөргөлдөөнүүдэд Монгол, Зөвлөлтийн дайчид хамтдаа дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө тулалдаж байлаа. 


1939 онд Халхын голын байлдаанаар Г.К.Жуковын удирдсан Зөвлөлтийн цэргүүд бидэнтэй хамт Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан эрхийн төлөө Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулалдсан. Харин 1946 оны Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын цэргүүд Хятадын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлж, Хятадын ард түмний эрх чөлөө, дэлхий нийтийн энх тайванх, аюулгүй байдлын төлөө тэмцэж байлаа. 


Та бүхний санаж байгаачлан, Дэлхийн II дайн болон Аугаа их Эх орны дайны үеэр Монголын ард түмэн бүхий л чадлаараа Зөвлөлтийн армид тусламж үзүүлж, хүнс, хувцас, уналгаар тусалж байлаа. Жишээ болгон сонирхолтой тоон баримт өгүүлэхэд, Монгол Улс фронтод зориулан нийтдээ 500 мянга гаруй морь илгээсэн байна. Тухайн үед манай орны эдийн засгийн нөхцөл байдал нэн хүнд байсан ч Оросын ард түмэн Зөвлөлтийг ялалтад хүргэхийн тулд Монгол бүхий л боломжоо ашиглаж, дээд зэргээр тусалж байлаа.

 

Энэ дайны ялалт хүн төрөлхтөнд энх тайван авчирсан. Энэ бол Аугаа ялалт. Гитлерийн Германыг устгаж, энх тайван, эрх чөлөөг тогтосоон энэ үйл явдлыг манай ард түмэн төдийгүй дэлхийн ард түмэн мартах учиргүй. 


Миний аав жолооч хүн байсан. Дөч гаруй жил жолоо барьсан юм. Багадаа би аавтайгаа хамт хөдөөгүүр явдаг байлаа. Урт замд мэдээж өөрсдийгөө хөгжөөхийн тулд дуу дуулна. Би долоо настай байсан санагдана.

Манай аав хэд хэдэн орос дуу мэддэг, тэдгээрээ байнга дуулдаг байлаа. Тэгээд “Хүү минь, Оросын ард түмэн бол гайхалтай ард түмэн, бидэнд байнга  тусалдаг” гэж хэлж байлаа. Би тэгэхэд ердөө долоон настай байсан, аавын энэ үг оросуудын талаар сонссон анхны үгс байлаа. Ингээд л аавынхаа үгнээс оросуудын талаарх анхны сэтгэгдэлтэй болсон юм. 


Эдгээр үгсийг би одоо хүртэл зүрхэндээ тээж явдаг. Хүмүүс Орос, Монголын найрамдлын талаар ярих үед би энэ түүхийг ярьдаг. Миний аавын зөв байсныг хоёр талын харилцааны 100 жилийн түүх харуулж байна. 


Дайны дараа агуу бүтээн байгуулалт явагдсан. Зөвлөлтийн мэргэжилтэн, зааварлагчид манай ард түмнийг үйлдвэрлэлийн барилга барих, атар газар эзэмших, сонгодог урлаг, соёлыг хөгжүүлэхэд ихээхэн тусалсан юм. Тэр он жилүүдэд л бид хамтдаа сансарт ниссэн шүү дээ. <…> Бидний 100 жилийн харилцаа ийм л бат бөх байгаа юм. Мэдээж өнгөрсөн 100 жилийн түүхэнд ололт амжилтын зэрэгцээ хүндрэл бэрхшээл ч гарч байлаа. Гэхдээ Орос, Монголын ард түмэн эдгээр бэрхшээлийг хамтдаа даван туулж чадсан юм. <…>


—Та энэ албан тушаалд саяхан очсон Ерөнхийлөгчийн хувьд таны үзэж байгаагаар цаашид хөгжүүлэх шаардлагатай ямар боломж байна вэ? 


—<…> мэдээж бид манай эдийн засгийн нөөц боломжийг цаашид ашиглах боломжид анхааралтай хандах ёстой. Хүйтэн дайн дуусч, социалист нөхөрлөл задран унасны дараа өмнө нь идэвхтэй байсан олон салбарт манай хоёр орны хамтын ажиллагаа суларсан. Мэдээж, социалист нөхөрхлөлийн орнууд энэ үеийг ихээхэн бэрхшээлтэйгээр даван туулсан, гэхдээ өөртөө болон түншүүддээ итгэх итгэлийн ачаар богино хугацаанд энэ үеийг туулсан юм.


<…> Одоо бол нэн тэргүүнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай. Харамсалтай нь бид энэ тал дээр хүссэн төвшин, хүссэн үзүүлэлтдээ хүрч чадахгүй байна. 


Тухайлбал, Орос улс Монголын гадаад худалдаа эргэлтийн ердөө 10 хувийг хангаж байна. Өмнө нь 80-90 хувь байлаа. Харин Орос руу чиглэх Монголын эзспорт манай улсын экспортын ердөө хоёр хувийг эзлэж байгаа юм. 


Мэдээж хоёр тал хоёулаа байдал ийм байгааг ойлгож байгаа. Тиймээс үүнийг залруулах шаардлагатай. Монгол Улс газарзүйн өвөрмөц байрлалтай орон. Манайх ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй. Хоёулаа дэлхийн тавцан дээрх геополтикийн болон эдийн засгийн томоохон тоглогчид. Харин бид энэ хоёр орны дунд, чухал байршилд оршиж байна. <…>

Монгол Улс далайд гарцгүй орнуудын нэг. Гэхдээ <…> бидэнд хоёр том зах зээл рүү гарах гарц байна.Дэлхийн нийт 7 тэрбум хүн амын 1,6 тэрбум нь Монголыг тойроод амьдарч байна шүү дээ. Энэ бол бурхан бидэнд илгээсэн боломж. Энэ том зах зээлийг Монгол улс хөгжихийн тулд ашиглах ёстой. 


Би Ерөнхийлөгчийн хувьд, Монголд Улс үйлдвэрлэгч орон болох ёстой гэж үздэг. Би гурван зорилго тодорхойлсон. Нэгдүгээрт, халамжид суурилсан тогтолцооноос хөдөлмөрт суурилсан тогтолцоо руу шилжих. Манайд олон хүн ажиллаж хөдөлмөрлөх биш харин төрөл бүрийн тэтгэмжид найдан амьдарч байна. Энэ тэтгэмж тусламжийг хөдөлмөр эрхлэх шаардлагатай холбох ёстой. Хоёрдугаарт, импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Экспортод чиглэгдсэн улс болох. Гуравдугаарт, олборлолтоос боловсруулалтад шилжих. Нөөцөө олборлож, боловсруулалгүйгээр экспортлохоо зогсоох. Манай хөрш орнуудын том зах зээл рүү боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүн гаргадаг болчихвол Монголын эдийн засагт ашигтай. Тиймдээ ч би “Баялагтаа эзэн Монгол” гэсэн хөтөлбөртэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. <…>


— Ноён Ерөнхийлөгч өө, <…> хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр би бүс нутгийн, хил орчмын хамтын ажиллагааны талаар сонирхох гэсэн юм. Монголтой хиллэдэг Улаан-Үд, Эрхүүтэй хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа юу? Чухамхүү энэ салбарыг хөгжүүлснээр Орос, Монголын хоорондын эдийн засгийн харилцааг бүхэлд нь хөгжүүлэхэд тусална гэдэгтэй та санал нийлэх үү? 


— Манай хоёр орны хил 3500 км үргэлжилдэг. Энэ бол бага тоо биш. Тиймээс бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хангах нь нэн чухал асуудал, мөн манай харилцааны үндсийн нэг юм. <…> 2014 онд бид иргэдээ 30 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчуулах хэлэлцээрийг байгуулсан. Энэ нь иргэд чөлөөтэй зорчиж, худалдаа эрхэлж, бизнес хийж, соёлын болон хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцож, залуусын уулзалт зохион байгуулах боломжийг бий болгосон юм. Цар тахлаас өмнө бүх зүйл үр дүнтэй өрнөж байлаа, гэвч харамсалтай нь өнөөдөр олон асуудлыг шийдэж чадахгүй байна. Хил гааль хязгаарлалтайгаар ажиллаж байгаа. 


Мэдээж бид цар тахлыг давсны дараа хил орчмын, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. Түүнчлэн, хил орчмын бүс нутгуудад байгал хамгаалах яриа хэлэлцээрийг урагшлуулж, хоёр орны онцгой байдлын газрын хооронд хэлэлцээр хийх шаардлагатай байна. <…>


Мөн, Монгол Улс транзит улс болох зорилгыг өмнөө тавьсан. <…>Европоос Ази руу хүрэх хамгийн дөт зам Монголоор дайрч өнгөрдөг. Орос, Хятадын хоорондын хамгийн дөт тээврийн чиглэл ч Монголын талаар дайран өнгөрдөг. Тиймээс бид транзит, логистикийн боломжоо хөгжүүлэхэд анхааралтай хандаж байгаа юм. 


Энэ үйл ажиллагааны хүрээнд бид гурван орны эдийн засгийн хонгил байгуулах асуудлыг авч үзэж байгаа. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд,  энэ нь Орос, Монгол, Хятадад хэтдээ стратегийн чухал ач холбогдолтой болох тун чухал асуудал гэж үзэж байгаа юм. Тиймээс төмөр замыг шинэчлэх, шинэ салаа зам, авто зам барих, Оросоос Хятад руу хүрэх хийн хоолойг нэн чухал гэж бид үзэн, энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. 


Улс орноо транзит орон болгох боломжийг хэрэгжүүлэхэд Орос, Хятадыг холбосон баруун болон дорнод чиглэлийн төмөр замыг байгуулах нь тун чухал гэж бид үзэж байна. Дорнод хэсэгт энэ зам нь Оросын Алс Дорнод, Өвөр Байгалыг Хятадын зүүн урд хэсэгтэй холбоно. Хятадын эдгээр бүс нутгуудад олон аж үйлдвэрийн объект байдаг. Баруун хэсгээрээ энэ зам Кызыл-Курагино төмөр замтай холбогдоно. 


Энэ хоёр төмөр замыг барих нь Орос, Хятадыг холбосон чиглэл гаргахад төдийгүй Ази, Европын хоорондын худалдааны хонгилуудыг хөгжүүлэх тал дээр нэн чухал юм. <…>
<…>

— <…>Дэлхий дахиныг хамарсан, аль ч улс орны удирдагчийн хувьд ноцтой сорил болсон цар тахалтай тэмцэх сэдвийг хөндье. Нэг талаас Монголд хэдийнэ хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан. Нөгөө талаас халдварын тохиолдол урьдын адил өндөр бйна. <…>Цар тахлыг ялахын тулд та ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ? 


—Тийм ээ, цар тахал бол манай орны төдийгүй нийт хүн төрөлхтний толгойны өвчин болоод байна. <…>Бид бүхнийг амжилттай даван туулах ёстой. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд намайг Ерөнхий сайд байхад өмнөд хөршид өвчний анхны тохиолдол бүртгэгдэж байлаа. Үүнээс хойш 10 сарын хугацаанд бид энэ өвчнийг дотооддоо тархаахгүй, нэг ч халдвар гаргахгүй байж чадсан. Энэ бол бидний хувьд асар том ололт. Харамсалтай нь энэ хугацаанд вацкин бүтээгдээгүй байсны дээр хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт дутагдалтай байлаа. Зөвхөн манайд ч биш дэлхий даяар л ийм байсан. Азаар вакцин гарсан. Хүн төрөлхтөн аврах бэлдмэл бүтээж чадсан<…> Бид хүн амынхаа 66 хувийг вакцинд хамруулж чадсан. Энэ бол өндөр үзүүлэлт, дэлхийд энэ үзүүлэлтээрээ эхний тавд орж байна. 


Иргэдээ цар тахлаас хамгаалах гол арга нь дархлаажуулалт. Хүн төрөлхтөн одоогоор үүнээс өөр арга бодож олоогүй байна. Тиймээс дархлаажуулалтыг шуурхай явуулах нь чухал. 


<…> Бид есдүгээр сараас эхлэн боловсролын байгууллагууддаа алсын зайн сургалттай хослуулсан танхимын сургалтыг эхлүүлсэн. Олон нийтийн газар, үйлчилгээний газруудыг шат дараатайгаар нээх боломжийг хангалаа. Цаашдаа хэвийн амьдарлдаа бүрэн орохоор төлөвлөж байна. <…>


— Монгол Улс олон улсын яриа хэлэлцээрийн идэвхтэй, нэр хүндтэй оролцогч, Монголлын дуу хоолой дэлхий даяар сонсогдож, Монгол Улс бүс нутгийн төдийгүй НҮБ-д идэвхтэй оролцож байна. Та Ерөнхийлөгчийн хувьд Монголын гадаад бодлого, стратегийн зорилтуудыг хэрхэн тодорхойлж байна вэ? 


—<…>Манай улсын гадаадын бодлогын үндсэн чиглэл нь хоёр хөрштэйгээ хамтран ажиллах, мөн “гуравдагч хөрш” гэсэн ойлголт бий. 


Ерөнхийлөгчийн хувьд үзэж байгаагаар манай гол зорилго нь Монгол Улс бүс нутгийн хэрэг, дэлхийн асуудлууд дээр болон НҮБ, Олон улсын байгууллагуудын ажиллагаанд оролцох оролцоо, нэр хүндээ дээшлүүлэх явдал юм. Тэр дундаа ОХУ-тай харилцах харилцаагаа шинэ төвшинд гаргах явдал. Худалдаа эдийн засгийн салбарыг хэлж байгаа хэрэг. 


Манай хоёр орны хооронд улс төрийн зөрчилдөөн огт байхгүй. Бидний хооронд дээд зэргийн харилцан итгэлцэл байдгийн дээр улс төрийн дээд төвшин дэх харилцаа гайхалтай сайн байгаа. 


Монгол Улс хоёр хөрштэйгээ энх тайвнаар зэрэгцэн оршдог. Хөршүүдтэйгээ ямар ч улс төрийн маргаан байхгүй. <…>Дотооддоо ч манайх тайван улс. Иргэний дайн, шашны мөргөлдөөн, терроризм байхгүй. Нэг үгээр хэлвэл Монгол Улс бол цаашид хөгжих бүхий л боломжуудыг өөртөө агуулж буй тусгаар тогтносон, хараат бус ардчилсан улс юм. 


Энэ нь гадаад бодлогын тал дээр төрийн тэргүүний цаашдын хүчин чармайлтад таатай хөрс болж өгч байгаа юм. Энэ онд бид Монгол Улс НҮБ-д элсэн орсны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Саяхан би НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд биечлэн оролцож, улс орноо төлөөлөн үг хэлсэн. 


Бидний анхаарал хандуулах шаардлагатай асуудал бол дэлхийн дулаарал, байгаль хамгаалал. Та намайг сүсэгтэй хүн гэж хэлж болох л юм, гэхдээ өнөөгийн цар тахал бид байгалиа хамгаалагүйн шийтгэл гэж би хувьдаа үздэг. <…> Тиймээс экологидоо анхаарч, байгалиа хамгаалж эхлэх цаг нь болсон. <…> Монгол Улсад бид ойрын 10 жилд нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн юм. 


Монголчууд амьдралын эх үүсвэр ус, усны эх үүсвэр нь мод гэж ярьдаг. Тиймээс Мод тарих нь нэн чухал шийдвэр юм. Нэг тэрбум мод тарих төсөл үндэсний хэмжээний хөдөлгөөн болсон. Бид зөвхөн өөрсдөдөө зориулж биш харин хүн төрөлхтөн, үр хойчийнхоо сайн сайхны төлөө мод тарьж байгаа юм. 


<…>Манай улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг цөлжиж, шороон шуурга дэгддэг. Үүний улмаас Хятад, Япон, Солонгост ч шороон шуурга хүрдэг. <…>Тиймээс экологийн тэнцвэрийг хангах н төрийн тэргүүний хувьд нэн тэргүүний зорилт юм. 
<…>


— <…> Намайг шүүмжиллээ гэж битгий бодоорой, гэхдээ Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхэд хангалттай арга хэмжээ авахгүй байгаа юм шиг надад санагддаг. Өнөөдөр хүмүүс аялал жуулчлалын орчин үеийн хэлбэрт хэдийнэ цадсан, харин Монголын онгон байгаль асар их жуулчныг татах юм шиг санагддаг. Та Монголыг танилцуулах аяллын хөтөч байсан бол ямар газруудад очихыг зөвлөх байсан бэ? Мөн аль болох их жуулчяныг татахын тулд ямар газруудыг хөгжүүлэх шаардлагатай вэ? 


— <…>Монгол Улс үнэхээр л аялал жуулчлалын том төв болох боломжтой орон. Бид хамгийн гол нь дэд бүтцээ хөгжүүлэх нь чухал байна. Манайх асар өргөн уудам нутагтай, 1,5 сая кв.км нутагтай харин хүн амын нягтрал маш бага. Байгалийн үзэсгэлэнт газар олон бий. Нүүдлийн болон суурин хэв маяг хосолсон. Монгол Улс нүүдэлчин амьдралын хэв маягийн онцлогыг хадгалж үлдсэн цорын ганц улс ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жуулчид Монголд зочлон, нүүдлийн агуу соёлыг харж, онгон байгальд тайван амраасай гэж хүсдэг. 


Бид аялал жуулчлалыг төрийн бодлого, хөгжлийн гол чиглэлүүдийн нэг болгох зорилго тавьсан. Харамсалтай нь цар тахлын улмаас жуулчны урсгал зогссон. Ер нь бол Орос, Монгол, Хятад гэсэн гурван орны хэмжээнд аялал жуулчлын хонгил байгуулж хөгжүүлэх боломжтой. Манай хөрш орнуудын жуулчид нэгдсэн чиглэлээр нэг дор хэд хэдэн улсаар аялах боломжтой байдлаар. 
<…>

— Аль ч ард түмний хувьд хамгийн эрхэм дээд нь гэр бүлийн үнэт зүйл байдаг гэж би боддог. Та жаргалтай нөхөр, эцэг, та сайхан охидтой. Та гэр бүлдээ ямар үнэт зүйлийг илүүтэй эрхэмлэдэг вэ? Та охиддоо ахмад үеийнхээ ямар сургаалийг хэлдэг вэ? 


— Аав минь бүр багаас л үнэнч, шударга байхыг захиж байсан. Манай гэр бүлийн гол зарчим бол шударга байх, бусдад сайхан сэтгэлээр, үнэнч хандах. Энэ бол миний хувьд хамгийн чухал үнэт зүйл. 


Би их жаргалтай хүн, хоёр сайхан охинтой. Тэд өсөж том болсон, би зээ хүүтэй, энэ онд найман нас хүрнэ. Би сайхан эхнэртэй, эхнэр багш мэргэжилтэй. Харамсалтай нь би хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тал дээр хангалттай цаг гаргаж чадаагүй. Миний эхнэр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэн, тэднийг эрүүл саруул байж, сайн боловсрол эзэмшин сайн хүмүүс болоход нь санаа тавьсан. Энэ бүхэн эхнэрийн минь гавьяа. 


Том охиноо бага байхад нь цаг зав зарцуулж чадаагүй, түүний хувьд ойр дотно байж чадаагүйнхээ төлөө охиноосоо уучлалт гуйж байсан. Охин юу ч хариулаагүй. Энэ нь би түүнтэй хангалттай цаг өнгөрөөж чадаагүй гэдгийг баталж байгаа байх. Гэхдээ охидоо эцгийн хайраар дутаагаагүй. Том охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж, багш болсон. Монгол Улсын Их Сургуульд эрхзүйн багшаар ажилладаг юм. Монголчууд хамгийн сайн үйл бол мэдлэг, чадвараа залуу үед үлдээх гэж ярьдаг. Тиймээс охин минь олон мянган хүний багш, соён гэгээрүүлэгч болоосой гэж би хүсдэг. 


—Та зургаан жилийн дараа өнөөгийн үүрэгт ажлаа өгсний дараа юу хийхийг тань би мэдчихлээ. Таны зээ 14 нас хүрнэ, та зээгээ хүмүүжүүлэх нь, тэр үед таны зөвлөгөө зээ хүүд тань их хэрэг болно доо. 

— Өө тэгэлгүй яах вэ!

—<…>Таны аав тээврийн жолооч байсан гэж та хэлсэн. Тэгэхээр аав тань хурдлах дуртай байсан байх нь. Та үүнээс улбаалаад мотоциклээр хурдлах дуртай болж. Таныг мотоцикл унах дуртай гэдгийг би мэднэ, гэхдээ одоо мотоциклоор хурдлах цаг зав үлдсэн үү?

— Тийм ээ, би мотоспорт сонирхдог. Манай аав жолооч байсан нь би техникт дуртай болох үндэс болсон байх. Манай том ах мотоспортоор хичээллэдэг байсан. Багаасаа л мотоциклоор давхидаг байлаа. Үүнээс үүдээд би мотоцикл сонирхох болсон байх. 


Мотоциклоор хурдалж байгаа хүн л үүнээс ямар аз жаргал, сэтгэл ханамж мэдэрдэгийг хэлж чадна. Мотоспорт бол эрэлхэг, экстрим спорт хэдий ч маш их эрх чөлөө өгдөг. Нэг талаас аюултай, эр зориг шаарддаг.


—Танай аюулгүйн алба таныг мотоцикл унахыг хориглодог байх даа? 


—Мэдээж хориглоно. Гэхдээ заримдаа чөлөөт цагаараа мотоцикл унана аа. Үнэхээр гайхалтай. Ауюлгүй байдлыг бүрэн хангана.

Эр хүнийг эр зориг, сорви чимдэг гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс би мотоспортод дуртай, ер нь зоригтой эрчүүдийг хүндэлдэг. <…>

 

— Би ярилцлагаа дуусгахдаа үргэлж нэг ижил асуултыг тавьдаг. Та өнөөдөр улс орныхоо эрх мэдлийн оргилд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрх мэдлийн амт ямар байна вэ? 


— Эрх мэдэл бол хүч. Түүнчлэн улс төрийн шийдвэр гаргах боломж. Гэхдээ энэ эрх мэдлийг хүмүүс, улс орныхоо сайн сайханд чиглүүлэх ёстой. Энэ нь хүн бүрт олддоггүй. Шийдвэр гаргаж, манайлалж, улсөө хөгжүүлж, иргэдийнхээ амьдралыг сайжруулах боломж. Энэ бол төрийн эрхэнд байгаагийн хамгийн таатай, аз жаргалтай үр дагавар гэж би боддог. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Социализмын үе хангалж бна
2021-10-30
Badarch taxar:
46 оны дайн гээд байна 45 оных шүү дээ
2021-10-30
Зочин:
Лалын шашинтай хүмүүс хэрэггүй шүү дээ..
2021-10-30
Зочин:
Нэг нутаг, нэг намынх гэхгүйгээр ЕС Оюун-Эрдэнэ-д хариуцлага тооцох цаг ирчихсэн бна шүү дээ.Зөвхөн нэг жишээ авахад л, ковидоор нас барагсдын тоо 1600 гараад явчихлаа, олигтой арга хэмжээ авахгүй бна,чанга гар хэрэгтэй, ЕС хулчгар,зориггүй бна, хоосон яриад байх юм...Та Ерөнхийлөгчийн хувьд хатуу анхааруулга өгөх, ЕС-ыг огцоруулах асуудлыг ч сөхөж болмоор юм.
2021-10-30
Бат:
Еронхийлогчоо хуний нутагт алуулж, турж ухэж байгаа хазаруудаа авах талаар бодооч. Монголын ур сад шуу дээ. Хун байвал улс хучтэй. Улсаас нэг тогрогний зардал гаргахгуй ядаж 100000 хазар авья. Боломжийг ашиглаач.
2021-10-29
Зочин:
Лалын шашинтай хүмүүс хэрэггүй шүү дээ..
bold:
saikhan yriltslaga boljee hurelsekh yrunhiilugch mash zuv shiidver zorigtoi alhmuudiig hiiser bga ni uneher saishaaltai bna shuuu
2021-10-29
zochin:
mash shn yriltslaga boljee tsaashdaa eh orondoo heregtei zuilsuudig hiij yvna gdgt itgeltei bna mundag bna hurelsekh yrunhiilugch
2021-10-29
Тэгээд хийж байгаа ажил чинь хаана бн? Энэ их өвчин тахал үхэл хагацал ядуурал гээд түмэн ? бн. Эрхмэээ айн?
2021-10-29
Тарвага хошгирч өгөхөөр нь Меркель ухаантай, чадвартай улс төрч хүн мэдэлгүй яахав дээ! Тэгээд таг болгосон, инээдтэй монголын толгой баян шүү!
2021-10-29
зочин:
Oросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд Xятадтай нийлэн биднийг бараг 100 жил ( 1921'оноос ) ертөнцөөс тусгаарласан. биднээс бараг юу ч худалдан авдаггүй хирнээ жижигхээн Mонголд маани 1,5 тэрбум $- ийн цахилгаан эрчим хүч түлш бензин шахдаг. энэ бизнесээ хадгалахын тулд Эгийн гол, Cэлэнгэ мөрөнийн УЦС, шинэ нефт боловсруулах үйлдвэрийн төслийг троллуудаар дамжуулан зогсоох хүсэлтэй байдаг. Ер ни бол Япон Cолонгос Герман ,Франц Kанадын хөрөнгө оруулагч нарыг Mонголд нэвтрүүлэх үнэн дургүй гэж байгаа энэ оросууд..Ямартаа л kанцлер Aнгела Mерkaл - Германы koмпаниуд Mонголд хөрөнгө оруулахын тулд Oросуудын зөвшөөрлийг авахдаа тулдаг- гэж манай хүзүүгүй Tарвагыг цаашлуулж байхав kk.
2021-10-29
Тарвага хошгирч өгөхөөр нь Меркель ухаантай, чадвартай улс төрч хүн мэдэлгүй яахав дээ! Тэгээд таг болгосон, инээдтэй монголын толгой баян шүү!
баагий:
цэгцтэй сайхан ярилцлага болжээ
2021-10-29
SAR:
mash shn yriltslaga boljeee
2021-10-29
Hosoo:
Engiin saihan yariltslaga bolson baina. Manai erunhiilugchiin engiin jiriin baidal ni ih taalagddag Egel jiriin ardiin huu uls ornoo udirdval egel ardaa gesen setgel shiidver gardag gej hardag daa Tsaashid hiihgdeh ajild ni undur amjilt husie
2021-10-29