Сант сум бага сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авчээ

img

Өвөрхангай аймгийн Сант сум улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 240 хүүхдийн суудалтай бага сургуулийнхаа шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч шинэ хичээлийн жилийн босгон дээр нээлтийн ёслолыг нь хийлээ.

 

Тус сумын сургуулийн барилга хуучирч муудсан, анги танхимын хүрэлцээ муугаас дотуур байрныхаа нэг хэсгийг анги болгон ашиглаж байсан тул холбогдох газруудад хүсэлт тавьж хөөцөлдсөнийх хүүхдүүд тохилог орчинд сурч боловсрох боломж ийн бүрдсэнд баяртай байгаа.

 

Шинэ барилгатай болсон сургуульд багш, сурагчийн ширээ, сандал, сургалтын техник тоног төхөөрөмж гээд юм юм л хэрэгтэй тул юутай ч эхний ээлжинд 5 ангийг сурагчийн ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүнээ хийх бичгийн шүүгээтэй болголоо.

 

2020 онд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр урсгал засвар хийн шинэчилсэн 80 хүүхдийн дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг шийдүүллээ.

 

Ингэснээр дотуур байрны хүүхдүүдийг халуун хоол цайгаар хангахаас гадна сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдэж буй юм.

 

Мөн өнгөрсөн жил Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгээр тус сургуулийн эмч үзлэг оношлогооны иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй болсон нь сурагчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар ч хүндрэлгүй болсон.

 

Одоо дотуур байрны хүүхдүүдийн хоолны танхимын ширээ сандлыг шинэчлэх, сургалтын тоног төхөөрөмжөөр хангах гээд асуудлууд байгааг шат дараатай шийдэхийн төлөө ажиллаж байна.

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ