Орогнол хүссэн Олимпын тамирчид
2021-08-03

Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановская Токио-2020 олимпын наадмын үеэр орогнол хүссэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн шуугиантай мэдээллүүдийн нэг болж байна. Тэрбээр дасгалжуулагчдаа шүүмжилж, үүний хариуд түүнийг наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсны дараа энэ дуулиан дэгджээ. Олон улс болон олимпын наадамд оролцохоор ирээд эх орон руугаа буцалгүй, орогнол хүсэж байсан тамирчид цөөнгүй. 


Угандагийн тамирчин Жулиус Сэкитолеко 

Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Сэкитолеко Японы Изумисано хотод болох тэмцээний өмнөх коронавирусийн шинжилгээнд хамрагдахаар ирээгүй гэдэг нь 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр тодорхой болжээ. Түүнийг Японд байх хугацаанд нь тамирчны дэлхийн эрэмбэ нь буурч, Олимпын наадамд оролцох боломжгүй болсноор дасгалжуулагчийн хамт Японыг орхих шаардлагатай болсон байсан нь удалгүй тодорхой болсон гэнэ. 

Тамирчныг хайн өрөөнд нь очиход, амьдрал хүнд тул эх оронруугаа буцахгүй, Японд ажил хайна гэсэн зурвас үлдээсэн байжээ. Түүнчлэн тэрбээр Уганда дахь эхнэр рүүгээ ч зурвас илгээсэн байна. Хэд хоногийн дараа тамирчныг Миэ мужаас олж, эх орон руу нь албадан гаргажээ. 

 

Кубын тамирчин Сезар Прието 

2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Флорида мужид эхэлсэн, олимпын эрх олгох тэмцээнд ирснийхээ дараахан Кубын бейсболын тамирчин Сезар Прието Эчеваррия багийн байршлаа орхин явсан талаар Кубын бейсболын холбоо 2021 оны тавдугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж байв. Хэвлэлүүдийн мэдээлснээр, бейсболчин бусад тамирчдын хамт Флоридад газардан, зочид буудал руу автобусаар явсан бөгөөд зочид буудлын гадаа автобуснаасаа буун, түүнийг хүлээж байсан машинд сууж, хаашаа ч юм “зугтжээ”. 


Олуулаа зугтсан нь 

2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Австралид болж байсан нөхөрсөг тогтолын үеэр Камеруны найман тамирчин шигшээ багийн байршлаас алга болжээ. Тэмцээнд оролцохоор ирсэн 24 тамирчны найм нь өрөөнөөсөө алга болсон гэж Камеруны шигшээ баг мэдэгдэж байв. 


Эрх чөлөө хайж “Эрх чөлөөний арлаас” зугтсан тамирчид 

2015 онд Торонтод болж байсан Панамерикийн наадмын үеэр Кубын зүлэгний хоккейн багийн тал нь АНУ руу зугтжээ. Эрх чөлөөний арал гэгддэг Куб улсаас эрх чөлөө хайн зугтсан тамирчид үүгээр дуусахгүй. Хоккейчдыг зугтахаас долоо хоногийн өмнө тэмцээний мөнгөн медальт тамирчин зэрэг сэлүүрт завины дөрвөн тамирчин алга болжээ. Ингэснээр энэ наадмын үеэр Кубын багаас нийт 20 тамирчин зугтсан байна. 


Камеруны хүндийн өргөлтийн тамирчин Сириль Чачет 


2014 онд Их Британийн Глазгод болж байсан тэмцээний дараа Камеруны хүндийн өргөлтийн тамирчин Сириль Чачет шигшээ багийнхаа байршлаас зугтаж, Брайтонд нуугджээ. Тэрбээр өөрийгөө аюултай нөхцөлд орсон, эх орон руугаа буцахаас эмээж байна хэмээн мэдэгдэж байв. Чачет Их Британиас орогнол хүсэж, тус улсын эрх баригчид хүсэлтийг нь хүлээн авчээ. 


Дахиад л куб

2013 оны наймдугаар сард, Кубын гүйлтийн тамирчин Орландо Ортега Москва хотноо зохиогдож байсан хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр шигшээ багаасаа зугтжээ. Хожим нь түүнийг Италид байгааг олж мэдсэн бөгөөд тэрбээр АНУ-д байх ээж дээрээ очно хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа тэрбээр Испанийн нэрийн өмнөөс 2016 оны наадамд оролцож, медаль хүртэж байв. 


Кубчууд олуулаа л зугтдаг буюу “эх орноосоо урвагчид”


2008 оны гуравдугаар сард Олимпын эрх олгох тэмцээний үеэр АНУ-д тоглож байсан Кубын хөлбөмбөгчдийн найм нь мөн л багаа орхижээ. Тэдний дунд хамгаалагч Йендри Диас, хагас хамгаалагч  Эдер Ролдан, хамгаалагч  Хосе Мануэль Миранда, багийн ахлагч Йеньер Бермудес нар байсан гэнэ. Кубын хөлбөмбөгийн холбооны тэргүүн зугтсан хөлбөмбөгчдийг “хулчгар, эх орноосоо урвагчид” хэмээн мэдэгдэж байв. 


Олимпын аваргаа ч тогтоож чаддаггүй Куба

Гильмеро Рогондо
 

Боксын 54 хүртэлх кг жингийн Олимпын хошой аварга, дэлхий аварга Гильермо Рогондо болон 69 кг жингийн дэлхийн аварга Эрисланди Лара гэсэн Кубын хоёр тамирчин 2007 оны долдугаар сард шигшээ багаасаа зугтжээ. Энэ явдал Панамерикийн наадамд Кубын шигшээ баг оролцохоор ирсэн  Рио-де-Жанейро хотод болсон байна. 


2007 оны наймдугаар сарын хоёрны өдөр хотоос холгүйхэн тэднийг баривчилж, удалгүй эх орон руу нь албадан буцаажээ. Кубын эрх баригчид тэднийг үндэсний шигшээ багт дахин оруулахаас татгалзсаны дээр Бээжин-2008 олимпын наадамд оролцуулаагүй байна. 


Улмаар 2008 оны зун Эрисланди Лара нутгаасаа Мексик рүү моторт завиар зугтан, тэндээ мэргэжлийн боксын карьераа эхлүүлжээ. Түүнтэй хамт зугтаж байсан Ригондо ч түүний мөрөөр явав. Тэрбээр 2009 оны хоёрдугаар сард эрх чөлөөний арлаас АНУ руу зугтжээ.


Афганистаны тугчин Жавид Оман 

1996 оны Атлантын олимпын наадмын үеэр Афганистаны тугийг барин алхсан боксчин Жавид Оман Мухамад амь нас нь аюулд орсон гэж үзэн Канадаас орогнол хүсэж байв. 

 

Эх орноос зугтсан өөр нэг тугчин 

 

Атланта-96 олимпын наадмын үеэр өөр нэг тугчин эх орноосоо зугтсан нь Иракийн тамирчин байв. Хөнгөн атлетикийн тамирчин Раид Ахмед Иракийн шигшээ багийн тугчин байсан бөгөөд долоо хоногийн дараа тэрбээр АНУ руу зугтжээ. Тэрбээр Саддам Хуссейний дэглэмийг ил тодоор шүүмжлэн, эсэргүүцдэг байсан тул эх орондоо очоод цаазлуулна хэмээн эмээж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин