ИРГЭД: Вакцины хоёр дахь тунгаа хугацаанд нь тариулмаар байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 15 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Өнөөдөр хатуу хөл хорио тогтоосон тав дахь өдөр. Хатуу хөл хорио нэртэй ч хөдөлгөөн ихтэй байна. Мөн сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал ихэд хүндэрч байгаа. Тухайлбал, өчигдрийн байдлаар 1220 хүний шинжилгээнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 17823 болжээ. Мөн хоёр хүн нас барж, халдварын улмаас нийт 29 хүн нас бараад байна. Эрүүл мэндийн байгууллагаас ойрын хавьтлуудаас шинжилгээ авч байгаа бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө халдварт өртөж, нууц үедээ байсан иргэдийн шинжилгээнд халдвар илэрч байгаа хэмээн мэдээлж байна.
Иргэдийн дунд хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэсэн хүлээлт байсан ч талаар болсон. Тухайлбал, Засгийн газраас хөл хорионы эдгээр өдрүүдэд дархлаажуулалтын ажлыг зогсоосон. Үүнээс үүдэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс хоёр дахь тунгаа 28 хоногийн дараа буюу хөл хорионы эдгээр өдрүүдэд хийлгэх ёстой байсан ч хойшилж байна. Ингэж хугацаа хойшилж байгаа нь дархлаа тогтцод нөлөөлөх эсэхийг ЭМЯ-наас тодруулахад, "БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцины хоёрдугаар тунг 21-28 хоногийн хугацаанд хийнэ гэсэн заавартай. Гэхдээ хоёрдугаар тунг 21-56 хоногт хийхэд ямар нэгэн дархлаа тогтцод нөлөөлөхгүй гэдгийг БНХАУ-ын өвчний сэргийлэлтийн төвөөс албан ёсоор мэдээлсэн. Судалгааны ажлууд үргэлжилж байна" гэж мэдээллээ.
Харин вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдийн тухайд:
Баянзүрх дүүргийн иргэн Б. Азжаргал:
-Би гуравдугаар сард БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Вакцины хоёр дахь тунгаа дөрөвдүгээр сарын 13-нд тариулах байсан. Гэтэл Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаандаа иргэдийг дархлаажуулахгүй гэлээ. Хөл хорио тогтоосон энэ үедээ халдвар хамгааллын дэглэм баримтлаад, зохион байгуулалттайгаар вакцинжуулбал болох байх гэж бодсон. ЭМЯ-наас Синофарм үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэтэл 56 хоногийн дараа тариулна гэж байна. Ингэж олон хоногийн дараа вакцины хоёр дахь тунгаа тариулахаар үр дүнгүй л болох байх гэдэгт санаа зовж байна.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Наран:
-Эрүүл мэндийн байгууллагаас 28 хоногийн хугацаанд вакцины хоёр дахь тунгаа тариулаарай гэж зөвлөж байсан. Вакцины эхний тунгаа хийлгэсэн өдөр гар утсанд хоёр тун хийлгэх өдрийн мэдээллийг илгээсэн байсан. Цар тахлын энэ үед ЭМЯ-наас өгсөн зөвлөмж мэдээллийг дагаж мөрдөж байгаа. Гэтэл ЭМЯ-наас өгсөн эхний өгсөн зөвлөмжийнхөө дагуу ажил вакцинжуулалтаа хиймээр байна.
Баянгол дүүргийн иргэн Г.Сайхнаа:
-Вакцины хоёр дахь тунгаа дөрөвдүгээр сарын 15-нд хийлгэх ёстой. Гэтэл хөл хорионы эдгээр өдрүүдэд вакцинжуулалтыг зогсоолоо. Би буруу санаагүй бол ЭМЯ-ны мэдээгээр эхний тунгаа хийлгэсэн хүмүүст хоёр дахь тунгийн вакцин нөөцөлсөн гэж мэдээлж байсан. Гэтэл нөөцлөөгүй бололтой. Хэрэв нөөцөлсөн байсан бол хөл хорионы энэ үед вакцинжуулбал халдварын тархалтыг багасгахад чухал нөлөөтэй байсан байх. Вакцинаа хугацаанд нь хийлгэмээр байна.
Баянгол дүүргийн иргэн Н.Баттулга:
-БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Вакцины хоёр дахь тун хийх хугацаа маань энэ хөл хорионы өдрүүдэд таарч байгаа. Би бодохдоо хөл хорионы үеэр вакцин хийлгэчихвэл эрсдэл бага ч болов буурах байх гэж бодсон. Гэтэл дархлаажуулалтыг зогсоолоо. Хүмүүс гадуур олноороо явж байна. Хатуу хөл хорио гэсэн нэртэй л болохоос биш энгийн өдрүүдийнх шиг хөдөлгөөнтэй байна. Ингэж хөл хорио тогтоож байгаа бол үр дүнгүй л дуусна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ