С.Энхболд: Манай улсад 600 мянган тун вакцин ирэх байсан боловч хойшилсон

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд вакцины тээвэрлэлт хойшилсон. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган тун, дөрөвдүгээр сарын 12-нд ирэх 300 мянган тун нийт 600 мянган тун вакцин ирэх байсан боловч хойшилсон.
Дөрөвдүгээр сарын 10-наас вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүс байгаа. Анх БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг авахад 28 хоногийн хугацаанд хоёр дахь тунг хийнэ гэсэн зөвлөмж өгсөн. Биднээс шалтгаалаагүй. Дэлхий нийтээр вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдсан, хомстсон хүндэтгэн үзэх шалтгаанаар тээвэрлэлт хойшилсон. Энэ асуудлаар БНХАУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан өвчний хяналт, зохицуулалтын төвөөс албан ёсны зөвлөмжийг авсан. Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины давтан тун 21-56 хоногт хийхэд ямар нэгэн дархлааны тогтцод өөрчлөлт гарахгүй албан ёсны мэдэгдэл өгсөн. Та бүхэнд эх сурвалжуудыг нь гаргаж өгөх байх.
Эрүүл мэндийн салбараас өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тавих саналыг Засгийн газар болон УОК-т хүргүүлсэн. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт болон хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж ачаалал нэмэгдсэн. Тухайлбал, гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт нэмэгдэж, 15 хүн нас барлаа.
Хөл хорионы хугацаанд нэмж 120-160 вакцинжуулалтын цэгийг байгуулна. Хөл хорио тавигдангуут вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Өдөрт 60 мянган хүнд дархлаажуулалт хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ