Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
-Дөрөвдүгээр сарын 08-ний өдрийн 22.58 цагт Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас барсан талаар дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч, хэргийн газарт ажилласан. Ингэхэд 34 настай, харуулын дарга буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн.
Хэргийн газарт галт зэвсэгтэй харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагчид орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Тус аймгийн цагдаагийн газар, хилийн цэргийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдүүд байлдааны галт зэвсэг, сумтай хэргийн газраас зугтсан. Цэргүүдийг баривчилсан гэдэг мэдээлэл худлаа. Байршлыг нь тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа.
Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ангитай ойролцоо байгаа айл өрхүүдийг болгоомжтой байхыг анхааруулж байна.
М.Насан
Уншиж байна |