Хятадын боомтын PCR шинжилгээний аппарат эвдэрснээс Монголын экспорт ТАВ ХОНОГ таг зогсжээ

Манай улсад халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Цар тахал иргэдийн эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй эдийн засагт хүнд цохилт боллоо. Тухайлбал, БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганц мод, Замын-Үүд-Эрээн боомтоор гарч буй манай улсын экспортод хязгаарлалт тогтоогоод байна. Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Дансанд ч орж ирээгүй 300 мянган төгрөгийн эх үүсвэр нь уул уурхай. Тэгвэл экспортын орлогыг бүрдүүлж, эдийн засгийн эх үүсвэр болдог уул уурхайн бүтээгдэхүүн хил дээр гацалтад ороод удлаа. Шалтгаан нь юу байв? Шалтгаан нь өнөө л хятадуудын шалтаг. Энэ удаа БНХАУ-ын Ганц модны боомтын PCR шинжилгээний аппарат эвдэрчээ. Үүнээс үүдэн Монголын эдийн засгийн цусны эргэлт тав хоног таг зогссон байна. Энэ тухай ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэл өглөө. Тэрбээр
“Цар тахалтай холбоотойгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс тээвэрлэлт буурсан бол зэсийн баяжмалын тээвэрлэлт бүрэн зогссон. БНХАУ-ын “Ганцмод” боомтод манай улсын жолооч нараас PCR шинжилгээ авдаг. Шинжилгээний хариу таван хоногийн хугацаанд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шинжилгээ өгсөн жолооч тав хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэсэн үг.
Харин манай улсад халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 15-наас эхлэн PCR шинжилгээг өдөр бүр авах шаардлага тавьсан. Ганц модны боомтын PCR шинжилгээний цэг нь өдөрт 30 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай. Тиймээс гуравдугаар сарын 20-ноос хойш өдөрт 30 машин гардаг байсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд БНХАУ-ын PCR шинжилгээний аппарат нь эвдэрсэн гэсэн шалтгаанаар тээвэрлэлт зогссон. Харин дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өдөрт 30 машин гарч эхэлсэн. Хэдийгээр Өмнөговь, Дорноговь аймагт халдвар илрээгүй ч гэсэн эрсдэлтэй. Тус аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй байвал цаашид нүүрс тээвэрлэлт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна” гэсэн мэдээллийг өглөө.
Дөрөвдүгээр сарын 05-ны байдлаар Замын-Үүд боомтод ачаатай 220 машин, ачаагүй 600 гаруй машин хүлээлтийн байдалтай зогсч байна. Хоёр улсын Элчин сайдын яам, Хөх хотын Консулын газар зэрэг бүхий л түвшинд хэлэлцэж байж, дөрөвдүгээр сарын 07-ноос эхний ээлжинд өдөрт ачаатай 10, ачаагүй 10 нийт 20 машин Эрээн рүү гаргахаар болжээ. Өмнөговь, Дорноговь аймагт халдварын тохиолдол бүртгэгдэхгүй бол цаашид тээвэрлэлт нэмэгдэнэ хэмээн Монголын тал найдаж байгаа" гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ