Иргэдийг дархлаажуулах ажлыг арван аймагт зохион байгуулж байна

img

 

Манай улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 414 382 хүн  вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод  372 876, орон нутагт 41 506 хүн эхний вакцины эхний  тунгаа хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар арван аймагт вакцинжуулалтыг зохион байгуулж байна. Мөн өчигдрийн байдлаар 831 хүний шинжилгээнд коронавирус илэрч, манай улсын нийт батлагдсан тохиолдол 11651  болсон. Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод, 99 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс халдварт өртсөн байв. Мөн ЭМЯ-наас хэрэв хөл хорио тогтоохгүй энэ хэвээр үргэлжилбэл, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1000 давна гэж мэдээлсэн. Мөн халдварын тархалтыг бууруулахын тулд нийгмийн харилцааг багасгаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэдээ дархлаажуулж буй аймгуудыг танилцуулбал, 

 

  • Говь-Алтайд 99

  • Дархан-Уул аймагт 9717

  • Дорноговь 3407

  • Орхон аймагт 6208

  • Төв аймагт 949

  • Өмнөговь аймагт 10443

  • Говь-Сүмбэр 1031

  • Сэлэнгэ 8147

  • Булган аймагт 248

  • Сүхбаатарт 132 тус тус байна. 

 

Нийт хүн амынхаа 63%-ыг вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна 

 

Говь-Алтай аймагт 18-аас дээш насны 37 мянган иргэн бий гэж Эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Тухайн иргэдийг вакцинжуулахад  74 мянган тун вакцин хэрэгтэй. Үүнээс 4100 тун вакциныг аймгийн Эрүүл мэндийн газар хүлээж авсан байна. Говь-Алтай аймаг нийт хүн амынхаа 63%-ыг вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, хариу арга хэмжээний багийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдийн нэрсийг гаргаж бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус  аймгийн хэмжээнд нийт 26 цэгт иргэдийг вакцинжуулж байгаа. Вакцинд хамрагдсан хүмүүст ноцтой хариу урвал хүндрэл илрээгүй байна. Мөн энэ сарын 10-наас хоёрдугаар ээлжийн иргэдийг дархлаажуулах аж. Өчигдрийн байдлаар 99 хүнийг дархлаажуулжээ. 

 

Аймгийн хэмжээнд 70.000 хүнийг үе шаттайгаар вакцинд хамруулахаар төлөвлөжээ

 

Дархан-Уул аймаг гуравдугаар сарын 27-ноос  эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлжээ. Тус  аймгийн хэмжээнд нийт найман цэгт дархлаажуулалт хийгдэж байгаа аж. Эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эмч  ажилчид болон Онцгой, цагдаагийн албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулах юм байна. Аймгийн хэмжээнд 70.000 хүнийг үе шаттайгаар вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 9717 хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна. 

 

Насанд хүрсэн 27 мянган хүнийг дархлаажуулна 

 

Дорноговь аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 31-нд дархлаажуулалтын ажил эхэлсэн байна.Тус аймгийн  нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар ажиллаж байна. Тодруулбал, насанд хүрсэн 45 мянган иргэн байгаагаас 27 мянган иргэнийг дархлаажуулна. Эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчид, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдыг вакцинд хамруулна. Мөн  Замын-Үүд, Ханги хилийн боомтын албан хаагчид болон ачаа тээврийн жолооч, хариу арга хэмжээний албан хаагчдыг дархлаажуулж байна. Өчигдрийн байдлаар тус аймагт  3407 хүнийг дархлаажуулжээ. 

 

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 3018 хүн тун вакцин хүлээн авсан байна

 

Булганд вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 05-наас эхэлжээ. Эхний ээлжинд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 3018 хүн тун вакцин хүлээн авсан байна. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа албан хаагчид болон үйлчилгээний байгууллагын ажилчдыг вакцинжуулж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 06-наас стратегийн ач холбогдол болох байгууллагуудын ажилчид, хилийн цэрэг, боловсролын байгууллагын эмч ажилчдыг дархлаажуулж байгаа аж.

 

Энэ долоо хоногт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна 

 

Сүхбаатарт дөрөвдүгээр сарын 05-наас вакцинжуулалт эхэлжээ. Тус аймгийн эрүүл мэндийн газар нийт 4503 хүн тун вакцин хүлээн авсан байна. Дархлаажуулалтад эхний ээлжинд аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, ЕБС-ийн болон цэцэрлэгийн багш нарыг хамруулна.  Мөн энэ долоо хоногт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Баруун-Урт суманд дархлаажуулалтын таван цэг, сумдад тус бүр нэг цэг ажиллаж байна.

 

3026 хүн тун вакциныг нэмж  татан авахаар болжээ

 

Өмнөговь аймаг 3026 хүн тун вакциныг нэмж  татан авахаар болжээ.  Нэмэлтээр татан авсан вакцинаар зорилтот бүлгийн иргэд болон боловсролын салбарын багш ажилчдыг дархлаажуулна. Өчигдрийн байдлаар 10443 хүнийг вакцины эхний тунд хамруулсан байна. 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ