"Хан мөрний эрэг шиг иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг орчныг бүрдүүлэх хэрэгтэй"

img

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.

 

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа” хэмээн танилцууллаа.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлө. Солонгосын Хан мөрний эрэг шиг иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Богино хугацаанд зохион байгуул. Ирэх даваа гарагаас ажилдаа шуурхай ор. Гэхдээ хоёрын хооронд юм хийж болохгүй. Хүндээ хүрсэн, хүүхдэд зориулсан, аюулгүй, эрүүл байхад анхаар” хэмээн ярилаа.Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Улаанбаатар хот бол нэг л том тойрог. Иргэд заавал гадагшаа, эсвэл хол явах биш, энэ Туул голынхоо эрэгт амарч, зугаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол маш том ажил. Олон мянган иргэнд амарч, зугаалах боломжийг олгоно. Хотын дарга үүнийг барьж аваад ажиллаж байгаад нийслэлээс сонгогдсон гишүүнийхээ хувьд талархаж байна. Сэтгэл байхад үр дүн гарна” гэлээ.

 

 

Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгогдсон байсныг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон газар ч байв. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжыг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарал хандуулахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.

 

Үүний дараа Хотын дарга иргэдийн хамгийн ихээр зорин очдог  Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгтэй танилцсан юм. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг Хотын дарга үүрэг болголоо. Мөн “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэсэн юм.

 

 

Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэсэн бол Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээлээ.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Та нар хатан туулаа хан мөрөн шиг болгох гэх юм Хан мөрөний байгаа улс цаг агаар нь ямар билээ хатан туулын улсын цаг агаар зуны гурван сартай л газар хавар намар өвөл нь иргэд очоод гадаа зугаалаад байх юм биз дээ сэрж унтаж сэрүүн зүүдлэх юм даа хэрэг бага зүйлд хөрөнгө хүч зарснаас өөр бүтээн байгуулалт хийдэг болоосой доо
2021-04-06
Иргэн:
Зөв. Сумъяабазарыг дэмжиж байна
2021-04-05
зочин:
Юм юм руу үсчээд байлгүй нэг ажилаа барьж аваад олигтойхон юм хийчих ухаангүй, бараг бүгдийг нэг доор янзалчих юм яриад байна гэдэг ч тархи угаах гээд л ядаад байгаа хэрэг, дараа жил өдийд гэхэд мөн л ярисаар сууж байх биз
2021-04-04
3 terbumiin nusan orgiluur Samarsaihanii 3 sar ch ajillaagui usan orgiluur shig mungnuus tsavchaa hiih gej bga yumaa. Ternii orond ger horoolliin jorlongoo yanzal, utaagaa yanzal, tugjrelee yanzal. Dandaa teneg yum albaar yarij yaduu humuusiin setgelgeegeer toglonoo. Hun amid yavahad ehleed undsen heregtseegee hangah heregtei baidag. Daraa n amralt zugaa tsengel tansaglaliin heregtsee garch irne. Tuunii daraa oyun sanaanii heregtsee, amidraliin utga uchir, hun bolj tursnii zorilgoo medeh guitseeh hergtsee baidag. Bitgii hudlaa hoshgirch tsavchaa hiih arga saam hai. Hentii 10-20 tugrugnii 4, 5 hushuu bosgood amidraliin chanar deerdeeguig bugd medej bga.
2021-04-04
зочин:
Хувийн. сонирхол. оруулахгүй, төсөв. танахгүй нэмж. идэхгүй хийвэл. болж. байна. Байгалаараа байсан.нь. дээр. дээ. Чин. үнэн. сэтгэлээсээ. хийгээгүй оюун. ухаанаар хийсэн. юм байгалд. хог. болж. гай. болно. шүү.
2021-04-04
Зочин:
Зөв ажил эхлэх нь дэмжиж байна
2021-04-04
харамсалтай:
ИТГЭЛ баян шиг л ярьж байна.
2021-04-04