Халдварын тоо нэмэгдсэнээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж суларч байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.02/ хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн бодлого хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох:
-Батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Бид ЭМЯ болон нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран эмчилгээний ор болон хүний нөөц, тоног төхөөрөмж, эм тарианы зохицуулалтыг хийж байна. Жишээлбэл, гуравдугаар сарын 01-нд хүндэвтэр болон хүнд хүн 70 байсан бол одоогийн байдлаар 237 болж өссөн. Хүнд хүмүүст тусламж үзүүлэх эмнэлгийн ажилчдын нөөц хөнгөн хүнтэй ажилладаг хүмүүсээс 2-3 дахин их хүчээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Тохиолдлын тоо нэмэгдэх бүрд эмчилгээний ор гэхээс илүү хүний нөөцийн чадамж нэлээн шаардлагатай болж эхэлнэ. Нэг эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байгаа зургаан оронд 7-9 хүн ажилладаг. Гэтэл энгийн 30-40 эмчилгээний оронд 5-6 баг ажиллах боломжтой байдаг. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй байна.
Гуравдугаар сарын 14-нээс эхлэн гэрээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Батлагдсан тохиолдол бүрийн утсанд зурвас очиж байгаа. Мөн биеийн байдлаа үнэлэх боломжтой болж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ