Орон нутгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн нэвтрүүлнэ
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Дуламсүрэн:
-Дөрөвдүгээр сарын 03-18-ны хүртэл хүгацаанд ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй. Зах худалдааны төвүүдийг 20:00 цагт хүртэл ажиллана. Энэ үед нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд сахиж ажиллахыг үүрэг болгосон.
Мөн УОК-ын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг долоо хоног болгон бууруулж, холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Өнөөдрөөс хойш тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийг долоо хоног тусгаарлана. Өмнө нь ирсэн болон одоо тусгаарлагдаж байгаа иргэд 10 хоног тусгаарлагдана.
Гуравдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын хуралдааны тэмдэглэлээр хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн хангах зорилгоор Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил, хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцох ажилчдын хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас шууд олгож байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дорноговь аймаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэж, УОК-ын Шуурхай штабаас олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймаг руу зөвшөөрөгдсөн хүрээнд зорчих, тээвэрлэлт хийх иргэд, ААНБ заавал тус аймгийн Онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл гаргуулна.
Мөн Улаанбаатар хотод халдваргүй ногоон бүсээс ирж байгаа иргэдийг асуумжаар нэвтрүүлнэ. Өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын "Улаан" түвшинд шилжсэн аймгуудын иргэдийн түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн нэвтрүүлж байгаа. Учир нь улаан түвшинд шилжсэн зарим аймагт PCR шинжилгээ хийдэггүйтэй холбоотой. Харин нийслэлийн алслагдсан хороодын иргэдийг иргэний үнэмлэхийг үндэслэн нэвтрүүлэх юм. Мөн ажилчдыг ажлын байрны тодорхойлолт үндэслэн нэвтрүүлж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ