Орон нутгийн багш нар сурагчдын хичээл сонголтыг хязгаарлажээ

ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Бүртгэлийн хугацаа дуусахад цөөн хоног үлджээ. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ерөнхий боловсролын сурагчид танхимаар хичээллэхгүй, цахимаар хичээллэж байгаа ч ЭЕШ-аа амжилттай өгөхийн тулд хичээж байна. Харин ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусах дөхсөн эдгээр өдрүүдэд олон эцэг эхийн бухимдлыг төрүүлж буй асуудлын талаар манай сайтад мэдээлэл ирсэн юм. Тухайлбал, Зарим орон нутгийн сургуулийн багш нар сурагчдыг ЭЕШ-ыг өөрийн сонгон судалсан хоёр хичээлээр өгөх, нэмж хичээл бүртгүүлэхгүй байхыг шаарджээ.
Тодруулбал, ЭЕШ-ын дүнгээр улс орон даяар сургуулиудын чанар стандартыг дүгнэдэг учир тэр аж. Өөрөөр хэлбэл, сургуулийн сургалтын чанар доош татахгүйн тулд цөөхөн хичээлээр өгөх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.
Тэгвэл энэ асуудлын талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан:
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээл нь сонгох судлах, заавал судлах гэсэн хоёр агуулгатай байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар нь заавал судлах хичээлийн агуулгаар бэлтгэгддэг. Тиймээс шалгуулагч нь өөрийн сонгосон мэргэжилтэй холбоотой хичээлээр шалгалт өгөх эрхтэй. Тодруулбал, шалгуулагч нийт 10 хүртэл хичээл сонгож шалгалт өгөх эрхтэй. Багш хүүхдийг ямар хичээлээр шалгалт өгөх, эс өгөхийг нь шийдэхгүй. Сурагч өөрөө хичээл сонголтоо шийднэ. Багшийн ёсзүйн дүрэмд тодорхой заасан.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмээс:
2.1 "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай" хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:
2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,
2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх,
2.1.3 Суралцагчийн хувийн нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,
2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,
2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,
2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах
Сурагчдын амьдрал шийдэгдэх чухал шалгалтанд сургуулийн стандарт, үнэлгээнээс шалтгаалж хичээл сонгох эрхийг нь хязгаарлаж буй зарим багш нар ёс зүйн дүрэмтэйгээ сайтар танилцахыг хүсье. Сургуулийнхаа стандарт үнэлгээг бодож байгаа бол сурагчдынхаа сурлагын чанарт анхаарах нь зүйтэй биз.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ