Хөл ХОРИОГҮЙ хөл ХОРИО

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.03.31/ болж хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдэв. Энэ мэдэгдлийг нарийвчилж үзвэл иргэдийн хөлөөрөө алхах эрхийг л хязгаарлаагүйгээс бусдаар хорионд оруулж дөнгөв.

 

Засгийн газар улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж мэдэгдлээ. Гэхдээ ирэх дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд Улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болов.

 

Энэ заримд:

 

-Ресторан, лоунж,

 

-Саун, бассейн, алжаал тайлах, бялдаржуулах төв

 

-Кино театр, үзвэр үйлчилгээ,

 

-Амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй.

 

Угтаа гадуур хооллохгүй, баасан гарагт уулзахгүй, кино үзэхгүй, хотоос ойрхон агаар салхинд гарч, амарч зугаалахгүй гэсэн үг. Тэгвэл өмнөх хөл хорионоос өнөөдрийнх юугаар ялгаатай вэ?

 

Бид дахиж сармагчин төрөлдөө буцахгүй, үсээ засуулж болно. Гэхдээ үс гэзэг, гоо сайхандаа анхаарах боломж амралтын өдрүүдэд хаалттай. Хаа нэг түргэн хоол идмээр санагдвал хүргүүлээд идэж болно. Учир нь хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх боломжтой.

 

Цаашлаад нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэхийг үүрэгдэв. Тэгэхээр танай байгууллага 10 ажилтантай бол тав нь цугларч ажиллана. Барилгад ажиллаж байгаа хүмүүс ч нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх ёстой тул бригадаар ажиллахгүй.

 

Мөн 60-аас дээш настай ахмадууд шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй. Дээр нь дэлгүүр 20.00 цагт хааж, захууд амралтын өдрөөр ажиллахгүй. Хөдөө явахгүй, хотоос гарахгүй.

 

Тэгэхээр ажилдаа л явах үндсэн ганц сонголтыг үлдээв. Уг нь аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэсэн биш бил үү. Өмнө нь хоригдсон, өнөөдөр ч зарим нь хориотой байгаа хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд дахиад л хориггүй хорионд өртчихлөө.

 

Аж ахуй нэгжүүдээ хаачхаад алхах л боломжийг үлдээж буй нь хэр зөв шийдвэр вэ?

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ