Архи худалдаалах тусгай зөвшөөрлөө түрээслүүлсэн байжээ
2020-10-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлсэн зөрчлийг илрүүлсэн байна.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс "Тахилга" ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээжээ. Үүний дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Топаз" төвийн караоке баарын үйл ажиллагаа эрхлэгч иргэн А нь "Тахилга ХХК"-ийн “СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-өөр түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байжээ. 


Иймд "Тахилга" ХХК-ийн гаргасан согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлого болох 1,0 сая төгрөгийг улсын орлого болгон, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийг торгох шийтгэлийг оногдуулсан байна. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин