Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цаг 58 минутад иргэнээс “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Мэдээллийн дагуу шалгахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилжээ.
Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу холбогдож улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж орон, байрандаа нэвтрүүлсэн аж. Улмаар гаднаас хаалга тогшиж үл таних 2 эрэгтэй хохирогчийн биед халдан эд зүйлсийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, сэжигтэй этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, сэжигтэй этгээд 22 настай М гэгч нь энэ оны тавдугаар сард Баянгол, наймдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тус яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.
Мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугтах зэрэг хэрэг, үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.