Сүүлийн үед Хотын удирдлагуудын төсөв “идсэн” хэрэг ар араасаа илчлэгдэх болов. Тэдний нэгээр НИТХ-ын дарга Р.Дагва тодорсон. Р.Давга нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоолоор өөртөө гадаад албан томилолт, 208 тоот тогтоолоор мөн өөртөө сургалтын зардлын төлбөрт хэмээн дээрх хэмжээний мөнгийг нэг өдөр цохуулан авчээ. Энэ их мөнгийг хаанаас яаж гаргаж авав гэдэг сонирхолтой. Хуулийн дагуу НИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг даргалдаг. Тэгэхээр түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвийн мөнгийг дураараа зарлагаджээ гэж хардах үндэслэл байна.
Хэрэв тийм бол хэдэн арван бяцхан үрсийн амь нас, цус нулимсаар Р.Дагва дарга АНУ, БНСУ-д аялж, амраад ирсэн болж таарах нь. Дээрх үйлдлийг Нийслэл дэх Төрийн аудитын газар хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тухайн оны дөрөвдүгээр сард тогтоосон байна. Уг шалтгаанаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтыг үндэслэн АТГ Р.Дагва даргыг шалгаж эхэлсэн бөгөөд даргатан байцаалтаа өгч, мөн араас нь доод албан тушаалтнуудаас нь мэдүүлэг авч эхэлжээ.
Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн асуудал ял авах үндэслэлтэй
Хотын төсвөөс идсэн уусан тухай мэдээлэл өдөр алгахгүй гарч, чамгүй хэл ам дагуулаад байна. Тэдний нэг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 2 жилийн өмнө хувьдаа завшсан 400 сая төгрөгийн асуудлаа АТГ-т шалгуулж байгаа.
Энэ тухай АТГ-т ирсэн баримтыг дэлгэвэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйцэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, авлига, хувийн ашиг сонирхол харж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд гэдэг бол тухайн төрлийн ажлыг гүйцэтгэж байсан туршлага, чадваргүй гэсэн үг бөгөөд тухайн ажлыг чанаргүй гүйцэтгэх магадлалтай. Иймд Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь ашиг хонжоо хайж улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэстэй юм байна.
Дээрх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Нийслэл дэх Төрийн аудитын газар хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тухайн оны дөрөвдүгээр сард тогтоосон гэж байгаа. Гэвч түүнд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож, арга хэмжээ авах зоригтон олдоогүй байна. Хэрэв энэ бүхэн үнэн болохыг АТГ нотлох юм бол, Т.Гантөмөр нь Эрүүгийн хуулийн 22.1 буюу “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт үйлдлээр ял авах үндэслэлтэй аж.
Ж.Энхбат
Уншиж байна |