МЭДЭХ ЭРХ: Шүүгч шийдвэрээ өөрөө танилцуулдаг байя
2020-09-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Сандарч, тэвдсэн цаас шагайсан шүүхийн хэвлэлийн ажилтан хэнд ч ойлгомжтой биш, хэдэн зүйл анги уншаад өгүүлбэрийн төгсгөлд ял оноолоо хэмээх нь олонтаа. Ард нь дутуу дулимаг мэдээлэл авсан иргэд “цаазлах байсан, дүүжлэх байсан юм” хэмээх эгдүүцэлтэй үлдэх нь бий. Тэгвэл шүүхийн шийдвэрийг хэрхэн энгийн ойлгомжтой, товч тодорхой мэдээлэх вэ? Мөн манай улсад шүүхийн шийдвэрийг яагаад тэр бүр тайлбарлан танилцуулдаггүй вэ?

 

Шүүгч хүн хэргийн оролцогчдоо, тэдний амьдрал, ар гэрийг боддог учраас зайлшгүй мэдээлэх шаардлагагүй гэж үзэх нь бий. Дээрмийн хэргийг шүүлээ, мэдээллээ. Оноосон ялын хэмжээ дуусч иргэн эргэн нийгмийн харилцаанд ороход амьдрах орон зай үлдээлгүй хар, буруугаар ойлгох тохиолдол байдаг. Гэтэл хүнд нэг удаа алдах боломж байж болно. Мөн  хоёр том компанийн маргааныг шийдвэрлэсэн тухай мэдээллэхэд  зайлшгүй аль нэг талд нь ажилласан мэт харагддаг. Энэ мэт шалтгааны улмаас шүүхийн шийдвэр бүрийг танилцуулдаггүй байж болох юм.

 

Харин дэлхий нийтэд шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрөө гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийн агуулгыг олон нийтэд тухайлан танилцуулдаг соёл түгээмэл байдаг. Ингэхдээ олон нийтийн, төрийн, хувийн өмчийн томоохон бүхий л телевизийг урьж оролцуулдаг байна. Мөн ихэнхдээ шууд эфирийн хэлбэрээр дамжуулдаг. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийг олон нийтэд танилцуулах хуваарийг урьдчилан тогтоож зарлан ямар нэг хэвлэлийн албаар дамжуулж бус, харин шүүх бүрэлдэхүүн өөрөө танилцуулдаг байна. Ингэснээр шүүхийн ил тод, нээлттэй байдал хангагдахаас гадна бүх нийтийн эрх зүйн ухамсар бий болж, улмаар эрх зүйн зөв соёл бэхжин тогтоно гэж дэлхий нийт үздэг аж.

 

Шүүхийн шийдвэрийн нөлөөллийг эрх зүйн онолд Inter partes нөлөөлөл ба inter omnes нөлөөлөл гэж хоёр ойлголтын хүрээнд хуваан авч үздэг байна.

 

Энэ тухай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, ХБНГУ-ын Шпайерын Нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач Т.Мөнх-Эрдэнэ:

 

-Inter partes нөлөөлөл гэдэг нь тухайн шүүхийн шийдвэр зөвхөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон талуудад хамааралтай байх нөлөөлөл юм.  Харин inter omnes нөлөөлөл гэдэг нь тухайн шүүхийн шийдвэр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон талуудын хүрээллээс хальж, нийтэд хамааралтай байх нөлөөлөл юм.

 

Тухайлбал, inter partes нөлөөлөл бүхий шүүхийн шийдвэр гэдэгт:

 

-Гэрээний эрх зүйн маргааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэр

 

-Гэр бүлийн эрх зүйн маргааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэр

 

-Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн маргааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэр

 

-Иргэн А болон Б захиргааны байгууллага хоорондын захиргааны актын маргааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэр

 

-Иргэн О болон Д захиргааны байгууллага хоорондын захиргааны гэрээтэй холбоотой маргааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэр

 

-Иргэн Л-ийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдуулан гаргасан шүүхийн шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гэх мэт.

 

 

Харин inter omnes нөлөөлөл бүхий шүүхийн шийдвэр гэдэгт:

 

 

-О хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр

 

-Засгийн газраас нийтэд хамааралтай төлбөр тогтоосон тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр

 

-СЕХ-ноос гаргасан сонгогдох эрхтэй холбоотой тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр

 

-Засгийн газраас гаргасан Татвар төлөгчдийг бүртгэх, татвар ногдох орлогыг тодорхойлох журам хууль зөрчсөн талаар Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр

 

-Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гэх мэт” тайлбарлалаа.

 

Үүнээс үзэхэд заавал мэдээллэх, олон нийтийн мэдэх ёстой шүүхийн шийдвэр гэж байх нь. Тухайлбал авлига, албан тушаалын гэмт хэрэг буюу олон нийтийн өмчөөс “хумсалсан”, нийгмийн эсрэг хор хөнөөлтэй хар тамхины хэргийг хэрхэн шийдсэн шүүхийн шийдвэрийг зайлшгүй танилцуулах нь зүйтэй аж. Харин хувь хүний нууцтай холбоотой, бага насны хүүхдийн эрхтэй холбоотой хэргийн шийдвэрийг нууцалж болно.

 

Дээрхийг олон улсад хэрэгжүүлж байна. Манай улсад ч шүүх шийдвэрээ бичээд л орхидоггүй байх, гаргасан шийдвэрээ өөрөө уншиж танилцуулдаг байх чухал стандартыг мөрдөх шаардлагатай. Ингэж чадвал иргэдийн шүүхэд итгэх итгэл бодитой нэмэгдэж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх хэлбэрэлтгүй хангагдах нөхцөл бүрдэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
kub:
olon niited shuukhiin shiidver taniltsuulna gedegiig yeruusuu oilgokhgui baigaa yumdaa
2020-10-01
irgen:
ali ch ulsad shyygch l yaliin shiidveree ooroo heldeg arai l bishee ene shyygchid
2020-09-30
irgen:
yu veee ???? ene odoo hezeenees henii shiidvereer hevleliin toloologch yal unshdag bolson um be ????? arai bolovsrolgui baigaa um bishyy...zovhon olon niited medeelel ogohod l hevleliin toloologch baij bolno, shyygch ooroo l yaliin togtooloo unshdag byh ulsad !!!!!!!!
2020-09-30
Иргэний хэрэгт:
шүүгч өөрөө өөрөө л танилцуудаг юм билээ
2020-09-30