Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” хамтарч “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион явуулж байна. Энэ үеэр СЗХ-ноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлын талаар мэдээлэл, бодлого шийдвэрээ танилцууллаа.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр СЗХ-ноос бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар урт болон дунд хугацаанд зах зээлийн үнэлгээ, үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргах ажиллагаанд тэдгээрийн оролцоог хангах боломжийг сайжруулсаар байна. Түүнчлэн СЗХ-ны хуралдаанаар “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталж, компанийн засаглалын кодексыг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүллээ. Энэхүү журам нь хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагад өөрийн төлөөллийг оруулахыг дэмжсэн зохицуулалт юм. Тодруулбал, жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах явцад хяналт тавих, шаардлагатай мэдээлэл авах боломж бүрдэж, зах зээлийн нээлттэй, ил тод, шударга байдалд эерэгээр нөлөө үзүүлэх юм.
Хэлэлцүүлгээр дээрх сэдвийн хүрээнд болон хувьцаат компаниудын нээлттэй, ил тод байдал, үүргийн хэрэгжилт, хурлын зохион байгуулалтад хийсэн хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын үнэлгээний тайлан, энэ чиглэлээр хийж буй ажлын талаар хэлэлцлээ. Мөн Хорооноос дээрх чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажлаа зах зээлийн мэргэжлийн оролцогчдоороо хэлэлцүүлж, санал онолыг нь тусгах ажлууд хийхээр шийдвэрлэсэн юм.
Хэлэлцүүлэгт мэргэжлийн холбоод болон хувьцаат компаниудын ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл, зах зээлийн судлаач, мэргэжилтнүүд зэрэг нийт 150 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдтэй танилцах бол энд дарна уу.
Эх сурвалж: СЗХ
Уншиж байна |