МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй төсвийн хүрээнд дэх асуудлаар ярилцлаа.
- Шинээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт танхимын зүгээс ямар байр суурьтай ажиллаж байна. Өмнөх Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллав, нааштай үр дүн гарсан уу?
- Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт танхимын зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж саналаа хүргүүлсэн. Тухайлбал, хувийн хэвшлээ зөв зохион байгуулалттайгаар дэмжих, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бодитой тусалцаа үзүүлэх зэргээр асуудлаа дэвшүүлсэн. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнтэй 150 аж ахуйн нэгж, бизнесийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хамтарч уулзалт хийсэн. Шинэ Засгийн сайд нарын санаачлага асуудлыг шийдвэрлэе гэсэн эрч хүч, шинэлэг арга барил, хандлага бидэнд итгэл өгсөн. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн давхар дээлтэй байснаар аливаа ажилд саадтай, зөрчилтэй байсныг өөрчилсөн нь үр дүнгээ өгсөн. Ялангуяа хувийн хэвшилтэй Засгийн газрын сайдуудын хамтарч ажиллах ерөнхий хандлага, байр суурь зөв байгаа нь анзаарагдсан. Мөн хувийн хэвшлийн санаачлагаар гадна дотны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх эдийн засгийг тэлэх, дэмжихэд нэмэр болох 20 орчим төслийг танилцуулсан. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар баталгаа гаргах, хамтрах бусад олон хэлбэрээр дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Оны өмнө эдийн засгийг эрчимжүүлэх, тэлэх зайлшгүй шаардлагатай нэгж байгуулъя, ингэснээр эдийн засгийг улс төрөөс салгая, 30 тэрбум төгрөгийн эргэлттэй эдийн засагтай болгоё гэсэн саналыг өгсөн.
Энэ удаагийн сонгуулиар эрх баригч нам хэвээр үлдсэн. Тиймээс УИХ залгамж чанараа хадгалж эдийн засгийг эрчимжүүлэхэд хамтарна гэдэгт найдаж байгаа. Одоо Засгийн газар хувийн хэвшлээ дэмжих дэмжлэгийн бодитой сувгийг бий болгох хэрэгтэй. Хүнд сурталгүй, эрүүл, аль болох хувийн хэвшлээ дэмжих замаар ажлаа урагшлуулах. Төр мэдээж хөрөнгө мөнгө гаргаж бүгдийг хийж чадахгүй. Хөрөнгө оруулалт байнга эрсдэл дагуулж байдаг. Mөр эрсдэлд орвол татвар төлөгчдийн мөнгө л үргүй зарцуулалт болно. Хувийн хэвшил хамгийн үр ашигтайгаар тооцоолж ажлаа урагшлуулахыг эрмэлздэг. Харин хууль, эрх зүйн орчинг тогтвортой болгож засч сайжруулахад төр анхаарч зарим нэг хяналтын чиг үүргээ төрийн бус байгууллагад хуулийн дагуу үүрүүлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшил зохион байгуулалтад орж асуудлаа зөв тавьж хамтраад урагшлах хандлагад шилжих хэрэгтэй.
- Төсвийн тодотгол нэлээн шүүмжлэл дагуулж байна. Танайхаас сая өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Гол асуудлууд нь юу байв?
- Төсвийн тодотгол тойрсон асуудлаар шилдэг эдийн засагчид, хувийн хэвшил, эдийн засгийн клубын сэтгүүлч нарыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энд хэд хэдэн гол асуудал ярьсан. Нэгдүгээрт, Засаг хууль зөрчихгүйгээр ажлаа хийх. Хоёрдугаарт, төсөв зохиож байгаа үйл явцыг тодорхой хуультай, дүрэмтэй болгох. Гуравдугаарт, хэрэгжилтэд хяналт тавьдаг болгох. Одоогоор хяналт тавих субекть байхгүй байна. Аудитын ерөнхий газар шүүмжлэлтэй дүгнэлт гаргадаг ч тухайн эзэнд хариуцлага тооцож хэрэгжүүлдэггүй. Одоо үйлчилж байгаа хуулиар тойргоос сонгогдсон гишүүд төсвийг ач холбогдлоор нь эрбэлэхгүйгээр тарааж, үргүй зардал нэмэгдэж иргэдээс шүүмжлэл дагуулсаар байна. 2020 оны төсвийн тодотголоор 9.1 их наядын орлого олоод түүнийнхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээхээр байна. Нэг үгээр хэлбэл, хоёр төгрөг олоод гурван төгрөгийн зардал гаргасан гэсэн үг. Зөрүүг хаанаас олох вэ. Гадны шууд хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Тэгэхээр 100 хувь зээлээр санхүүжихээр байна. Гэтэл манай гадаад өр одоогоор 30.8 тэрбум ам.доллар. Дээр нь хүүгийн дарамт арван хувиар нэмэгдэнэ.
Жил бүр төсвийн орлогын 70-80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг санхүүгийн зардалд гаргаж байна. Энэ янзаараа цааш үргэлжилбэл, улсаараа дампуурах аюул ойрхон байна. Төсөв, мөнгөний бодлого макро эдийн засгийн үзүүлэлтийн хүчин зүйлүүдийг эерэг болгож сайжруулахад чиглэх ёстой. Гэтэл үүнийг муутгах шийдвэр олон дахин гарсаар байна. Нөгөөтэйгүүр, төсвийн орлогыг нэг сая 200 мянган татвар төлөгч иргэд болоод 90 мянган аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Эдгээрээс цуглуулсан орлогыг тэдэнд огт хамааралгүйгээр зарцуулаад байж болохгүй. Тэгэхээр төсөв зохиох, батлах үйл явцад татвар төлөгчид, судлаач,эдийн засагчдын үгийг тусгадаг механизмийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг тав дахь өдөр нь өргөн бариад нэг дэх өдөр нь шууд хэлэлцэж байгаа тохиолдолд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд харах нь бүү хэл гишүүд нь бүрэн танилцаж амжихгүйгээр зохицуулагдсан. Төсөвт анализ хийх хугацаа хангалттай байх хэрэгтэй. Цаашдаа төсөвт тавих хяналтын механизмыг сайжруулахгүйгээр үр ашигтай болохгүй.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 2020 оны төсвийн тодотголтой холбоотой санал хүргүүлсэн гэсэн үүнийгээ тодотгоно уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид 2020 оны төсвийн тодотголд хориг тавьж өгөх саналыг үндэслэлүүдийн хамтаар өргөн барьсан. Мөн сарын дараа УИХ-д өргөн баригдах 2021 оны төсвийн төсөлд хяналтын механизмыг ажиллуулах тухай хүсэлт тавьж байна. Төсөв дан ганц Засгийн газрын, УИХ-ын гишүүдийн анхаарах зүйл биш. Бүх хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг гэдэг утгаар Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралтай хандана гэж найдаж байна. Түүнчлэн ковидоор далимдуулан төсөвт хүний сэтгэлээр үрэлгэн хандаж болохгүй. Үрэлгэн хандсанаар макро эдийн засгийг хүндрүүлнэ. Ингэснээр зээлийн хүү нэмэгдэх, валютын ханш алдагдах, өр нэмэгдэх зэргээр маш олон сөрөг үр дагавар үүсэхээр байна. Ковидоос болж аж ахуйн нэгжийн орлого тодорхойгүй байдалд байна. Үүнийг дагаад татвар төлөлт, ажлын байр буурч улмаар макро эдийн засгийн өсөлт буурах тохиолдолд зөв бүтэцтэй төсөв оруулж ирэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
-УИХ-ын гишүүдийн хуулиас давсан эрхийг төсөв батлахад нөлөөлөхгүй байх зохицуулалтыг хэрхэн хийх вэ. Энэ ер нь боломжтой юу?
-Төсөвтэй холбоотой хуулиудаа мөрдөх шаардлагатай. Мөрдөж чадахгүй бол огцруулах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зарчимтай. Тэгэхээр хуулийн хүрээнд ач холбогдлоор нь эрэмбэлээд зарцуулах ёстой зүйлд нь зарцуулаад явмаар байна. УИХ-ын 76 гишүүн бүгд тойрогтоо асуудлаа шийдвэрлэх гэж оролддог. Хэн шийдвэр гаргалтад ойр байгаа нь хүчтэй лоби хийж чадна төдий чинээгээр үрэлгэн зардал гардаг. Үүний цаана авлига, ашиг сонирхол байсаар байна. Энэ нь төсөвт илүү тодоор илэрч байна. Мэдээж хөдөө хотгүй жигд хөгжих нь тодорхой. Гэхдээ хэт элсэнд хийсэн ус мэтээр асгах нь төсөвт халгаатай. Улс төрийн намууд иргэдийн саналыг авахын тулд төсвийн мөнгийг халамж байдлаар тараасаар 30 жил боллоо.
Шийдвэр гаргагчид мэдсээр байж төсөв батлах үеэр өөрсдийнхөө байр суурийг хамгаалж үлддэг. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр хийсэн бүхэн 2-3 дахин үнэтэй бөгөөд чанаргүй. Ер нь төр зээл авч хүүтэй мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь зөв үү. Хувийн хэвшлийн барьж байгуулсан барилга байшинг түрээслэх нь өртөг бага байх боломж бүрдэхээр байна. Санхүүгийн зөв менежмент хийхгүйгээр төсвийн зөв бодлого гаргаж чадахгүй. Төсвийн буруу бодлогын үр дүнд макро эдийн засгийн өсөлт буурч, ядуурал нэмэгдэж, ажлын байр хумигдан, аж ахуйн нэгжийн татварын орлого буурна.
-Аймаг орон нутгийн төсөв захирагч нар төсвөөс их мөнгө авахын тулд УИХ-ын гишүүнд нөлөөлдөг гэдэг?
- Орон нутгийн төсөв захирагч нар төсвөөс ахиухан мөнгө авч өөрийн хамаарал бүхий компанид өгөх замаар ашиг сонирхлоо гүйцэлдүүлсээр ирсэн. Үүнийг таслан зогсоож сууриар нь өөрчлөөгүйгээс болж төсвийн мөнгийг уралдаж тараах хэлбэрээр явсаар байна. Энэ нь хөгжлийг боймилж байна. Орон нутгийн удирдлагууд төсвийг уралдаж зарцуулахдаа биш тухайн орон нутгийнхаа үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих замаар татварын орлогоо нэмэгдүүлж өөрөө өөрийгөө хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой.
Төсвийн бодлогоор муудсан эдийн засгаа макро төвшинд хэрхэн өөд татах вэ гэдэгт эрх баригчид төвлөрч ажиллах хэрэгтэй. Төсвийг ковидтой холбож алдагдалд оруулж болохгүй. Бодит алдагдал эрх баригчдын буруутай шийдвэрээс болж байна. Ялангуяа хямралын үед популизм хол явахгүй. Нэгдсэн төсвөөс хэн илүү мөнгө авч хэдэн ажил хийснээрээ дүгнүүлж иргэдээс үнэлгээ авах байдлаар хэдий болтол явах юм. Ингэснээр манай эдийн засаг тэлж, төсөв эрүүлжихгүй гэдгийг бид харлаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хангалттай ажиллахгүй байна. Тиймээс төсөвт хяналт тавих ажлыг хамтарч хийе гэсэн санал тавьсан. Татвараа төлөөгүй иргэн, аж ахуйн нэгж хариуцлага хүлээдэг шиг үргүй зарцуулж байгаа төсөв батлагсад болоод захирагчид бүр илүү хариуцлага тооцох ёстой. Энэ үүднээс төсвийн хөрөнгө оруулалттай ажлыг мөшгөе. Хэн хэдэн төгрөгийн ажлыг ямар өртөгөөр хийв. Өртөгийн харьцуулалт хийе. Түүнчлэн ямар компани хийсэн. Мэргэжлийн компани уу, даргын цүнхэнд дэх компани уу гэх мэтээр мөшгих нь төсвийн боловсруулалт, батлах үйл явц, зарцуулалтад сайнаар нөлөөлнө. Ер нь эдийн засгаа 2-3 дахин тэлэх хэрэгтэй байна. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээг дэлхийн дундаж руу ойртуулмаар байна.
-Цаашид төсөв боловсруулах, батлах явцыг эргэж харах, төсвийн үрэлгэн байдал, чанарт хяналт тавих зэргээр танхимын зүгээс Засгийн газарт санал тавих биш шахаж ажиллана гэж ойлголоо. Төсвийн зарцуулалтыг хянаж, мөшгинө гэлээ. Үүнийгээ тодруулна уу?
- Жишээлбэл, хөдөө орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн, хувийн хэвшил 1.4 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Гэтэл төрийн хийсэн ажил чанаргүйгээс гадна жилийн дараа засварын зардал тавигддаг. Тэгвэл хувийн хэвшлийн барьсан барилгыг төр яагаад түрээсэлж болохгүй гэж. Магадгүй жил бүр төсөвлөдөг засварын зардал, урсгал зардал, хөрөнгө оруулалтын хүүгийн зардалд төсөвлөсөн мөнгөнөөс түрээсийн мөнгө бага тусна. Жил бүр алдагдалтай төсөв батлаад байвал алдагдлын цар хүрээ улам тэлсээр байна. Ялангуяа суманд үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Архангай аймгийн нэг суманд жил бүр худаг барих төсөв батладаг, барьдаг, нээдэг. Гэтэл барьсан компани нь Засаг даргын хамаарлын компани байдаг. Энэ мэт жишээ олон. Үүнийг олж илрүүлэх, таслан зогсооё, хариуцлага тооцоё гээд байгаа юм. Тэгж байж төсөв эрүүлжинэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин