Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVI хуралдаан 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж даатгал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч болон хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай болон “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах, Хорооны цахим системүүдийг орчин үеийн технологид нийцүүлэн сайжруулах, цаашид төрийн цахим системүүдтэй мэдээлэл солилцох хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, авах арга хэмжээний тухай зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 6 компанид, 150 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 9 иргэн, 4 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, нэр бүхий нэг иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус, тус олгохоор шийдвэрлэлээ. Мөн нэр бүхий гурван компанийн ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэв.
Харин нэр бүхий нэг компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн нэг компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх тухай асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлууллаа.
Хуралдаанаар мөн “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлахаар шийдвэрлэлээ. Энэхүү журам нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид саналаа нэгтгэн компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчид өгөх байдлаар компанийн удирдлагад өөрийн төлөөллийг оруулахыг дэмжсэн зохицуулалт юм. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргах явцад хяналт тавих, шаардлагатай мэдээлэл авах боломж бүрдэн эцсийн дүндээ зах зээлийн нээлттэй, ил тод, шударга байдалд эерэгээр нөлөөлнө.
Санхүүгийн зохицуулах хороо төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэд үйлчлүүлэгчдэд шуурхай хүргэх, үйлчилгээний ил тод байдлыг хангах, улмаар төрийн үйлчилгээн дэх хүнд суртлыг арилгах, төвлөрлийг сааруулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нэлээдгүй ажлыг цахим хэлбэрт шижлүүлсэн. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахад зориулсан https://license.frc.mn/ систем, тайлан илгээхэд зориулсан цахим систем гэх мэтчилэн нэрлэж болно. Хуралдаанаар цаашид цахим системүүдийг орчин үеийн технологид нийцүүлэн улам сайжруулж, боловсронгуй болгох, төрийн цахим системүүдтэй мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: СЗХ
Уншиж байна |