Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ХААН галерейд “Өртөө” хамтарсан үзэсгэлэн нээгдлээ
2020-09-04

 

Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерей сар бүр залуу уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэнг олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирусийн хөл хориотой холбоотойгоор хэсэг хугацаанд хаалттай байсан галерейн хамт олон  хоёр ч удаа виртуал үзэсгэлэнгээ олон нийтэд цахимаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ сараас ХААН галерей олон нийтэд үүдээ нээж, залуу уран бүтээлчдийн хамтарсан “Өртөө” үзэсгэлэнгээр үзвэрийнхээ салхийг хагаллаа.

 

 

Үзэсгэлэнгийн танхимд гэхээсээ хязгааргүй орон зай, газар, хүрээлэн буй орчинд бүтээгддэгээрээ онцлогтой орон зайн урлаг буюу “Ланд арт” 2000 оны эхэн үеэс  Монголд эрчимтэй хөгжиж эхэлсэн. 2004 онд Монголын нэн шинэ орчин үеийн уран бүтээлчид “Хөх нар” контемпорари урлагийн төвөөс зохион байгуулсан анхдугаар “Арт камп”-д оролцож, газар орон зайн уран бүтээлүүдийг олны хүртээл болгож байв. Харин тэр цагаас хойш “Арт камп” уламжлал болгон зохион байгуулагдсаар өнөө жил 9 дэх удаагаа 50 гаруй уран бүтээлчийг хамруулсан томоохон арга хэмжээ саяхан болсон юм. Тэгвэл ХААН галерейн “Өртөө” контемпорари хамтарсан үзэсгэлэнд “Арт камп- 2020”-д оролцсон уран бүтээлчид болох Л.Гаваа, Ж.Ариунтуяа, Г.Энхжаргал, Р.Чинзориг, Т.Одгариг нар бүтээлээ толилуулж буй. 

 

Үзэсгэлэнгийн танхимын зүүн жигүүрт тааз шүргэсэн өндөртэй мод байршуулсан нь анхаарал татахуйц агаад үнэр нь хамар цоргино. Уран бүтээлч Ж.Ариунтуяа тайрч, хугалсан мөчрүүдийг залган нийлүүлж, мод “ургуулсан” бөгөөд өрөг урлагийн энэхүү бүтээлээ “Хүн  өөрөөсөө зугтавч эргээд өөртөө л хураагдах дотоод сэтгэлд сонсогдох ертөнцийг бүтээсэн” хэмээн тайлбарласан. Тэгвэл уран бүтээлч Р.Чинзориг хүмүүний далд ухамсрыг илтгэх босоо дөл мэт бурханы мэлмийг газраар “тарьсан” агаад эдгээр нүд цэцэг мэт урган дэлгэрч орчлон ертөнцийг баясгаж буйгаар бүтээлдээ дүрсэлжээ.

 

 

Уран бүтээлч Л.Гаваа, Г.Энхжаргал нар үйлдлийн урлагийн бүтээлүүдээ дүрсжүүлснээ видео дэлгэцээр гаргаж байв. Г.Энхжаргалын “АТМАН-2” бүтээлд сүүгээр есөн удаа өөрийгөө ариусган, ес алхаад ургах нартай уулзах агшин дүрслэгджээ. Харин Л.Гаваа хэмнэл нь давтагдах  нэгэн хэвийн хүний амьдралын хэв маягийг бүтээлээрээ баримтжуулснаа олон нийтэд толилуулж буй бол залуу уран бүтээлч Т.Одгариг халаасны өрөө дамжин аж төрөх эгэл залуугийн түр сууцыг бүтээлдээ дүрсэлж анх удаа  үзэсгэлэнд оролцон олны хүртээл болгож байна. 

 

 

 “Өртөө” контемпорари хамтарсан үзэсгэлэн 2020 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн ирж үзэх боломжтой.

 

Shuud.mn
Сонин хачин