Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг парламент хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байжээ.
Зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд хадгаламжийн хүүг бууруулах хэрэгтэй гэж банкууд үзэж байгаа. Үүний дараагаар зээлийн хүү буурах бөгөөд хадгаламжийн хүүг бууруулахын тулд инфляцын түвшингээ зургаа орчим хувьд тогтмол олон жил барих шаардлага гардаг. Манай орны инфляцийн зорилтот түвшин 8 хувь гэж тогтоосон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод инфляцийн түвшин 3,2 хувь байгаа бол орон нутагт 3,4 хувь буй. Харин энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” тогтоолын төслөөрөө хадгаламжийн хүүг өндөр байхад нөлөөлөөд буй хүчин зүйлсийг шийдэх зорилго бүхий ажлынхаа төлөвлөгөөг тусгасан байна.
Зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөлд хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгох асуудлыг оруулсан. Хүүгүй болгочихоор хугацаагүй хадгаламжаа татах магадлал бий гэж зарим иргэд харж байгаа.
Үүнд төв банкны мэргэжилтнүүд “Хаврын чуулганаар Covid-19-ийн хууль батлагдсан. Дийлэнх банкнуудын харилцах дансны хүү 5-6 хувь байдаг. Харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн барьсан төсөлд тусгаад байгаа. Аж ахуйн нэгжүүд харилцах дансанд мөнгөө байршуулдаггүй. Хугацаагүй хадгаламжид хийж, хуулийн цоорхойг ашиглаад байгаа. Хугацаагүй хадгаламж гэдэг бол өнөөдөр хийсэн мөнгөө маргааш, нөгөөдөр гээд хэзээ ч авч болдог. Тиймээс үүнийг харилцах данстай адил юм байна гэж үзсэн юм. Өндөр хөгжсөн орнуудад харилцах данс хугацаагүй хадгаламж гэсэн тусдаа зүйл байдаггүй. Хадгаламж нь заавал хугацаатай байх тогтолцоотой. Энэ хоёрыг хүүгүй болгосноор ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй гэж үзэж байгаа.
Аж ахуйн нэгж бизнес эрхэлж байгаа хүнд 10 хоногийн дараа эсвэл сарын дараа мөнгөний хэрэгцээ гарна. Энэ үед гурван сараар хадгалуулсан мөнгөө авч чадахгүй. Нэг бол гэрээгээ цуцлан хүү авахгүйгээр байршуулсан мөнгөө авах боломж бий. Бизнес эрхэлж байгаа хүмүүс мөнгөө хадгаламжид хийх шаардлагагүй. Харин үнэхээр би нөөц мөнгөтэй болчихлоо үүнийгээ би жилийн дотор эсвэл хагас жилийн дотор огт үрэхгүй гэсэн тохиолдолд хадгаламж болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд хугацаатай хадгаламж руу шилжээд байх хэрэггүй болно. Тиймээс үүнийг эрсдэл гэж харах шаардлагагүй. Харин иргэд хуримтлалынхаа өгөөжийг том авахын тулд хугацаатай хадгаламж нээдэг” гэсэн байр суурьтай байна
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |