Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ө.Гантөр: Төрийн банк ЗЭЭЛИЙН ХҮҮГ үе шаттайгаар БУУРУУЛАН ажиллаж байна
2020-08-24

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байна. Та ажлаа юунаас эхлүүлсэн талаар яриагаа эхэлье.

 

-Миний бие 2018 оноос хойш Төрийн банкныхаа Удирдлагын багт ажилласан бөгөөд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ийм учраас өмнөх Гүйцэтгэх захирал болон Удирдлагын багийнхаа хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ харилцагч, хадгаламж эзэмшигчиддээ банкны үйлчилгээг эрсдэлгүй, шуурхай хүргэх, мөн Монгол улсын Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд банкны зүгээс авч хэрэгжүүлж болох бүхий л ажилд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, зээлийн хүүг бууруулах боломжийг судалж, шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

 

-Та зээлийн хүүг бууруулах чиглэлд ажиллаж байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?

 

-Зээлийн хүүг бууруулах асуудал бол дан ганц банкуудын хийж хэрэгжүүлэх ажил биш. Зээлийн хүүг бууруулахын тулд эдийн засаг, санхүү, хууль, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх замаар буюу зах зээлийн зарчмаар бууруулах нь зохистой. Өөрөөр хэлбэл, хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, банкны салбараас гадна бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн шинэ хэрэгсэл, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, банкны салбарын засаглал, зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах зэргээр цогц арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар төр засгаас ч мөн анхаарч, зээлийн хүү бууруулах талаар баримтлах бодлого, стратегийг боловсруулж батлах асуудлыг УИХ-ын түвшинд хүртэл анхаараад эхэлсэн.

 

Арилжааны банкуудын тухайд гэвэл, банк өөрөө итгэлцэл дээр тогтдог байгууллага. Харилцагчийн чөлөөт эх үүсвэрийг хүү төлж татан төвлөрүүлэн түүгээрээ зээл олгох, хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн зуучлалын бизнес эрхэлдэг. Банкуудын зээлийн хүү хэрхэн тодорхойлогдох вэ гэхээр бусдаас татсан эх үүсвэрийн хүүгийн зардал зээлийн хүүний 60 орчим хувийг, банкны өөрийн үйл ажиллагааны зардал 15 орчим хувийг, зээлийн эрсдэлийн зардал 10 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр эдгээр зардлуудыг бууруулах боломжийг судалж хэрэгжүүлэх тал дээр юуны түрүүнд анхаарч эхлээд байна. Дотоодоос эх үүсвэр татах зардал буюу хадгаламжийн хүү өндөр байгаа учраас бид гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг илүү анхаарч, өнгөрсөн жилээс гадаадын санхүүгийн байгууллагуудаас хямд зардалтай эх үүсвэр татах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жил ч мөн харилцаагаа өргөжүүлж, шинэ хэлцлүүдийг хэрэгжүүлээд явж байна. Мөн үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд байнга анхаарч, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд техник технологийн дэвшлийг ашиглах, үйлчилгээг аль болох цахимжуулах чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний үр дүнд, бид энэ оны 5 дугаар сард 11 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг бууруулсан бол энэ сард Тэтгэврийн зээлийн хүүг 1.3 хувь болгон буурууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, сарын 1.3 хувийн хүүтэй шинэ бүтээгдэхүүнийг гаргалаа.

 

-Тэгвэл дээрх ажлуудын талаар шат дараатай ярилцъя гэж бодлоо. Юуны өмнө Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл энгийн бизнесийн зээлээс юугаараа ялгаатай вэ?

 

-Монголын өнөөгийн нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оруулж буй хувь нэмэр өндөр байдаг. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавих, тэднийхээ ирээдүйд анхаарах, үүний тулд санхүүгийн хувьд бие даасан, хараат бус байх, бизнес эрхэлж ашиг орлоготой байх асуудал чухал байдаг. Нөгөөтэйгүүр, дэлхий нийтийг хамраад буй “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр олон өрхийн орлого тасалдах, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдах зэргээр санхүүгийн хүндрэлд өртөж байна. Иймд бид энэхүү хүндрэлийг даван туулахад нь харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор энгийн бизнесийн зээлтэй харьцуулахад харьцангуй бага хүүтэй буюу сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ санал болгож байна.

  

-Тун сайхан санаачлага байна. Тэгвэл эдгээр зээлийг санхүүжүүлэх хямд эх үүсвэрийг хэрхэн олсон талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

 

-Бид өнгөрсөн жилээс эхлэн гадаадын санхүүгийн байгууллагуудаас хямд зардалтай эх үүсвэр татах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ жил Нидерландын Вант улсын “Frontclear” олон улсын санхүүгийн байгууллагаас 2 дахь удаагийн Репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу ойролцоогоор 65 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж чадсан. Энэхүү хэлцэл маань Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн хүү бууруулах талаар явуулж буй бодлогод нийцсэн, цагаа олсон оновчтой хэлцэл болсон. Банкны хувьд бага хүүтэй шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргахад чухал ач холбогдол үзүүлсэн. Бид цаашид ч зээлийн хүүгээ бууруулах бусад боломж нөхцөлүүдийг судалж, шинэ санал санаачлага гарган ажиллах болно.

 

-Сүүлийн өдрүүдэд сошиал болон хэвлэлээр зарим банкууд дампуурах эрсдэлтэй болсон гэж шуугилаа. Төрийн банкны үзүүлэлт ямар байгаа вэ?

 

 

-Төрийн банк 2019 оны жилийн эцсээр 20.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2020 оны II улирлын байдлаар банкны нийт актив хөрөнгө 3.2 их наяд төгрөгт хүрч, 21.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг “Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд”-ийг байнга хангаж ажиллаж байгаагийн зэрэгцээ санхүүгийн тайлангаа улирал бүр банкны цахим хуудаснаа нийтэлж, олон нийт болон харилцагч нартаа санхүүгийн болон эрсдэл даах чадварынхаа талаар ил тод тайлагнан ажиллаж байгаа. Банкны эрсдэл даах чадвар, төлбөрийн чадварыг илэрхийлдэг зарим үзүүлэлтүүдээс дурьдвал, Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 20 хувиас доошгүй байхаас Төрийн банк 35.9 хувь, Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12 хувиас доошгүй байхаас Төрийн банк 15.1 хувь байгаа нь банкны эрсдэлгүй, найдвартай байдлыг илтгэж байгаа юм.

 

-Тэгвэл манай уншигчид санаа зовох хэрэггүй юм байна. “КОВИД-19” цар тахлын нөлөө банкинд хэр сөргөөр тусч байна? Та бүхэн энэхүү нөхцөл байдлыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

 

-“КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд хэрхэн нөлөөлж байгааг бид бүхэн харж байгаа. Цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа хумигдаж, зээл төлөх чадвар муудаж, орлого тасарсантай холбогдуулан Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд, оны эхний хагаст нийт 24,728 зээлдэгчийн 440.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгах, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсний торгууль, шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажилласан бөгөөд одоо ч мөн адил зохицуулагч байгууллагуудаас явуулж буй бодлого зохицуулалтад нийцүүлэн энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

Харилцагчдыг банкны салбар нэгжид олноор бөөгнөрүүлэхгүй байх, банкны үйлчилгээг зайнаас хүргэх зорилгоор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах, цахим үйлчилгээний бүртгэлийн хураамж, зарим төрлийн шимтгэлүүдийг тэглэх, бууруулах зэргээр дэмжин ажиллалаа. Мөн банк өөрийн ашигт ажиллагааг хангах, онцгой нөхцөл байдлын үед дотоод үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, онцгой нөхцөл байдлын үед банкны үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ажилтнуудыг зайнаас ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, хөл хорионы дэглэмийн үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, 2 удаа туршлаа. Мөн ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг хангах чиглэлээр ажилтнуудад амны хаалт олгох, банкинд нэвтрэх үед халууныг хэмжих, гар ариутгах бодисоор хангах зэргээр байнгын анхаарал тавин ажиллаж байна.  

 

-21-р зууныг технологийн эрин үе гэдэг. Үүнтэй холбоотойгоор финтек салбарын хөгжил нилээн хурдацтай өсч байна. Танай банк энэхүү хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэн ажиллаж байгаа талаар хуваалцаач?

 

-Манай банк санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээгээр ард иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, байгаль экологийг хамгаалах, хариуцлагатай хэрэглээг дэмжих бизнесийн дэвшилтэт шийдэл бүхий үйл ажиллагаа явуулна гэж эрхэм зорилгоо тодорхойлсон. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид цахим банкны үйлчилгээг хөгжүүлж харилцагчдаа  банкинд ирэхгүйгээр банкны үйлчилгээг авдаг байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай банкны хувьд нэг онцлог зүйл бий. Тэр нь Төрийн банк Монгол улсын бүх аймаг, сум, суурин газарт өөрийн салбар нэгжтэй бөгөөд бид нийт тэтгэвэр авагчдын 40 орчим хувьд, халамж авагчдын 90 орчим хувьд үйлчилгээ үзүүлдэг. Тэтгэвэр, халамжийн мөнгө олгогдох үеэр банкны салбар нэгж дээр дараалал үүсэх нь бий. Тэгвэл бидний зүгээс тэтгэвэр, халамж авагч харилцагч нарыг картжуулах, картын хэрэглээг нь идэвхжүүлэх чиглэлд Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаж, картыг хураамжгүй олгох, гэрээр хүргэх үйлчилгээг үзүүлж байна.

 

Цаашид ч мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харъяа байгууллагуудтай энэ чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Мөн манай банкаар хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувь нь хийгддэг бөгөөд цахим сувгуудаар маань хэрэглээний төлбөрөө хялбар, ойлгомжтой, шуурхай хийх боломж бүрэн бүрдсэн байгаа. Ахмад настай үйлчлүүлэгч нарын маань хувьд цахим үйлчилгээг ашиглаж сурах, хэвших тал дээр бага зэрэг асуудал байдаг, гэхдээ тэд маань картаар үйлчлүүлж, цахимаар төлбөрөө төлдөг болж л байна. Саяхан бид “ККТТ” компанитай хамтран “QPAY Wallet” үйлчилгээнд Төрийн банкны төлбөрийн картыг холболоо. Ингэснээр манай харилцагчид өөрсдийн төлбөрийн картыг цахим хэлбэрт шилжүүлэн ашиглах боломжтой болсон. Мөн тун удахгүй Гялс зээл буюу цахим зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иймд “КОВИД-19” цар тахлын үед харилцагч нартаа цахим банкаа ашиглан банкны үйлчилгээгээ авч эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин