Коронавирусын халдвартай холбоотойгоор иргэдийн орлого буурч байгаа. Тэгвэл тав болон найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн төлбөр төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Зээлээ хойшлуулсан энэхүү зургаан сарын хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр иргэдээс шаардахгүй байхаар зохицуулсан юм. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нийг хүртэл банкууд зээлдэгчдээсээ цахимаар хүсэлтийг нь авсан бөгөөд нийт 11 банкинд ойролцоогоор 52 мянган зээлдэгч ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Харин зээл хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчдэд гурван сарын турш нийт жилийн нэрлэсэн хүүний хоёр нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс өгөхөөр болсон. Банкуудын зүгээс зээлдэгч нартаа хангалттай мэдээлэл өгөөгүй гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс хүчтэй гаргасан. Хэрэв хоёр хувийн хөнгөлөлт өгөх байсан бол зээлээ хойшлуулахгүй байсан гэх хүмүүс олон байсан юм.
Тэгвэл нөгөө талаас зээл хойшлуулах хүсэлт гаргаад гэрээгээ шинээр хийчихсэн зээлдэгчдийн хувьд энэ зургаан сарын сарыг ашиглаад үндсэн зээлээсээ ахиу дүнгээр хасуулаад авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэв та ямар нэгэн хүндрэлгүйгээр төлбөрийн боломжтой байгаа бол зээлээ хойшлуулсан ч төлдөг графикийн дагуу мөнгөө шилжүүлээд байвал энэ зургаан сарын хугацаанд төлсөн мөнгөнөөс ямар нэгэн хүү бодогдохгүйгээр үндсэн зээлээс хасагдана. Энэ зохицуулалт нь уг нь зээл хойшлуулах шийдвэртэй уялдсан шинэ зохицуулалт огт биш юм. Ипотек, цалингийн, хэрэглээний гэх мэт бүх төрлийн зээлэнд ийм боломж байдаг. Тухайлбал, та сар бүрийн төлөлт дээрээ тодорхой мөнгөн дүн нэмээд шилжүүлээд байхад зээлийн хугацаа богиносч, хүүнд төлж байгаа төлбөр тэр хэрээр л багасдаг. Жишээ авахад 15-20 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан зээлдэгч сар бүр 100 мянган төгрөгийг хувиарт мөнгөнөөсөө гадна өгөөд байвал 3-4 жилийн өмнө зээл нь дуусах боломжтой.
Нэг үгээр та санаачлагаараа хуримтлал үүсгэж байгаатай яг ижилхэн зарчим юм. Гэхдээ банк бол тантай гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг данснаас тань татдаг. Хэрэв зээлдэгч илүү төлбөр хийж үндсэн зээлээсээ хасуулаад явахыг хүсвэл шилжүүлэх болгондоо эдийн засагчтайгаа холбогдох, эсвэл үндсэн зээлийн данс руугаа шууд шилжүүлэх гэх мэтээр банк бүрийн зохицуулалт өөр байдаг билээ.
Яг энэ зарчмыг ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгчдэд сануулах үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байгаа юм. Магадгүй та үнэхээр санхүүгийн хувьд хүндрэлд ороод төлбөрөө хойшлуулсан бол өөр хэрэг. Харин хүндрэлтэй зүйл гараагүй ч юмыг яаж мэдэхэв гэдэг байдлаар хойшлуулсан байгаа бол санаачлагаараа сар бүр зээлийн төлбөрөө дээр хэлсэнчлэн үндсэн зээлийн төлбөртөө шилжүүлэх эсвэл эдийн засагчаараа дамжуулан татуулах гэх мэт арга хэмжээг авснаар энэ зургаан сард хүү тооцогдохгүйгээр шууд үндсэн мөнгөнөөс хасагдах боломж байгааг хэлээд байгаа юм.
Жишээ авья. Сард орон сууцны зээлэндээ 480 мянган төгрөг төлдөг зээлдэгч хэрэв зээлээ царцаагаагүй бол энэ мөнгөний 350 орчим мянган төгрөг нь хүүгийн төлбөрт, үлдсэн 130 мянга орчим нь үндсэн зээлийн төлбөр хэлбэрээр тооцогдсон хэвээр байна. Харин зээлээ хойшлуулах буюу царцаачихсан байгаа зээлдэгч сард энэ мөнгөө хугацаанд нь яаж ийгээд төлөөд байхад 480 мянган төгрөг нь бүтнээрээ үндсэн зээлийн төлбөрөөсөө хасагдаад явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зургаан сарын хугацаанд таны үндсэн төлбөрөөс 2.8 сая төгрөг хасагдана. Харин зээлээ царцаагаагүй байсан бол 900 орчим мянган төгрөг үндсэн зээлийн төлбөрөөс хасагдана. Сард ийм хэмжээний зээлийн төлбөр өгдөг харилцагчийн хувьд энэ зургаан сард хоёр сая орчим төгрөгийн хэмнэлт хийх боломж гарч байгаа хэрэг. Мэдээж дээр дурьдсанчлан үндсэн зээлийн данс руугаа шилжүүлэх, эдийн засагчдаа хэлж татуулах ёстойг мартаж болохгүй. Зээл татуулдаг дансандаа хийгээд орхичихвол царцчихсан байгаа зээлийн төлбөр хасагдахгүй гэдэг нь ойлгомжтой байх.
Энэ талаар иргэд мэдээлэлийн олон хэлбэрээр зөрүүтэй ойлголтыг ихээр авснаас болж зээл царцаахын чухал ач холбогдлыг бүрэн ойлгоогүй төөрөгдсөн гэсэн шүүмжлэл олон байгаа юм. Хэдийгээр санхүүгийн хүндрэлийг даван туулах, төлбөрийн дарамтаас чөлөөлөх зорилгоор гаргасан шийдвэр хэдий ч банкуудад төлж байгаа хүүгийн төлбөрийг багасгах боломж байжээ гэдгийг ойлгосон зээлдэгчид энэ талаар ярьсаар байгаа юм.
Монголбанкны 2020 оны гуравдугаар сарын тайлангаар 97136 зээлдэгч нийт 4.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Өнгөрсөн тавдугаар сард Монголбанкнаас шийдвэр гаргаж, найман хувийн ипотекийн зээлийг бүх банкаар дамжуулан олгож эхэлсэн. Ингэхдээ Төвбанкнаас 120, банкуудын эх үүсвэрээр 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ТӨГС
Уншиж байна |