Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
Европын холбооны санхүүгийн системд ноцтой аюул учруулах эрсдэлтэй 12 улсын тоонд Монгол Улс багтжээ. Саарал жагсаалтаас хар руу орлоо гэж олон нийт бухимдалтай байгаа. Хар жагсаалтад орсноор ямар сөрөг нөхцөл үүсэх вэ?
-Татварын зохицуулалт ил тод эсэх, ялгаварлан гадуурхалт, хамрах хүрээ, экспортлогч, импортлогчдод тэгш хандаж байгаа эсэх, гадаад худалдааны үнийг өөрөөр тогтоодог зэрэг нь татварын хувьд маш чухал. Татварын зохицуулалт нь сүүлийн үед дэлхий дахины санааг зовоож байгаа их асуудлуудыг хамарч чадаж байна уу. иЖишээ нь, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, бусад улсууд хориг тавьсан байгаа банк санхүүгийн байгууллагаар дамжуулж гүйлгээ хийх, тус гүйлгээ нь татварт тайлагнагдаагүй байх зэрэг асуудлуудаас болоод энэ жагсаалтад орж байна гэж бодож байна.
Манай улс энэ жагсаалтад албан ёсоор орвол жижгээсээ том хүртэл зардалтай. Зардлыг Засгийн газар, аж ахуй нэгж, иргэд төлнө. Европын холбооны улс оронд сурдаг, ажилладаг, амьдардаг, эмчлүүлдэг бүх хүмүүст нөлөөлнө. Өндөр эрсдэлтэй орны тоонд орсон бол хэлцлийн зардал нь өснө. Хэлцлийн зардал гэдэг нь аливаа хоёр аж ахуй нэгж гэрээ хийхэд гэрээний дагуу өөрчлөгдөж байдаг дүрэм журмын зохицуулалтын дагуу төлөх ёстой төлбөр нь нэмэгдэж байна гэсэн үг. Жишээ нь, Европын холбооны аль нэг улсаас аж ахуй нэгж зээл авч гаднаас хөрөнгө босголоо гэж бодоход өмнө нь бүрдүүлдэг байсан бичиг баримт дээр нэмэлт баримт шаардана. Татварын ерөнхий газартаа татвараа бүрэн төлдөг, Тагнуулын ерөнхий газраас мөнгө угаах, терроризмыг дэмжсэн гүйлгээ хийсэн, гэмт хэрэгт орооцолдож байсан уу зэргийг тодруулах замаар хэлцлийн зардал нэмэгддэг.
Засгийн газрын түвшинд саарал жагсаалт, хар жагсаалтад орсон бол бонд босгоход өндөр хүү төлнө. Зээлжих зэрэглэл нь буурчихсан, хар жагсаалтад багтсан бол хүү өснө. Жишээ нь өмнө нь 5,5 хувийн хүүтэй бонд авч байсан бол одоо 8 эсвэл 9 хувийн хүүтэй авна. Зээлийн хүүгийн өсөлтийг татвар төлөгчид л төлнө гэсэн үг.
-Хар жагсаалтад багтахгүй байх урьдчилан авах арга хэмжээ гэж бий юу. Хэрвээ албан ёсоор батлагдсан тохиолдолд ЕХ-ны зөвлөмж,чиглэлийг хэрэгжүүлэх үү?
-Манай улсыг өндөр эрсдэлтэй орны тоонд оруулсан тайлбарыг Европын холбооноос албан ёсоор илгээнэ. Бид ямар шалтгаанаар хар жагсаалтад орсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Энэ асуудал дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдан ажиллана. Шийдэл нь одоо байгаа хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлнэ. Төрийн байгууллагууд нь өөрийн зохицуулалтаа эргэж харах нь зүйтэй. Мөн бидний буруу биш, Европын холбоонд буруу мэдээлэл очсон ч байж болно. Хэрэв буруу мэдээлэл очсон байвал үнэн зөв мэдээллээ нотлох хэрэгтэй. Манай Татварын хуулинд нэмэлт өөрчлөлт орж, шинэчлэгдсэн. Харин Европын холбоо хуучин татварын хуулиар дүгнээд байж болох юм. Бид үүнийг нягтлах хэрэгтэй.
Г.Мичидмаа
Уншиж байна |