Монгол Улсад хувиараа бизнес эрхэлдэг 1 сая иргэн байна. Эдгээр бизнес эрхлэгчид МҮХАҮТ-нд COVID-19 халдварын дэгдэлтийн улмаас үйл ажиллагаагаа зогсоож хөл хорио тогтоосон энэ үед үүсээд буй хүндрэл бэрхшээлийн талаар санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж.
Иймд тус танхимын зүгээс ирэх тавдугаар сарын 1-нд буюу Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр хувийн хэвшлийн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчидтэй хамтран “Ажлын байрны өдөр” тайван жагсаалыг зохион байгуулж төр, засагт дуу хоолой хүргэхээр төлөвлөжээ.
Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид хөл хорионд ороод 100 хоночихлоо. Чадахаараа тэслээ, чадахгүй нь дампуурлаа. Гэтэл 100 хоногт төр, засаг юу хийв. Үргэлж талцуулсан, зөрчилдүүлсэн шийдвэр гаргасан. Хэрэв Засгийн газар гаргасан шийдвэрүүдээ эргэн харж яаралтай засч, өөрчлөхгүй бол байдал хүндэрлээ. Тэгэхээр бид тавдугаар сарын 1-нийг “Ажлын байрны өдөр” гэж нэрлээд ажлын байраа хамгаалахын төлөө Засгийн газраа шахна” гэв.
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас “Covid-19-Ажлын байрнаас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт” судалгааны тайланг танилцуулсан.
Уг судалгаагаар Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан ажлын байранд орсон өөрчлөлт, УИХ, ЗГ-ын шийдвэрийн нөлөө, цаашдын хүлээлт зэргийг тодруулан асууж, судалгааны үр дүнг нэгтгэжээ.
Судалгааг 2020 оны 4 сарын 10-13 хугацаанд 10105 иргэдээс авсан байна. Судалгаанд оролцогсдын 43 хувь нь 25-34 насны, 26 хувь нь 40-49 насны, 18 хувь нь 35-39 насныхан байжээ. Мөн иргэдийн 48 хувь нь 700 мянган төгрөг хүртэлх өрхийн орлоготой, 25 хувь нь 701 мянга-1 сая хүртэлх, 21 хувь нь 1-2 сая төгрөгийн орлоготой ба 40 хувь нь хувийн компанид, 16 хувь нь хувиараа бизнес эрхэлдэг, 16 хувь нь төрийн байгууллагад ажилладаг байна.
Covid-19 вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь судалгаанд оролцогсдын гэр бүлийн орлогод 73 хувь нь маш их нөлөөлсөн, 21 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Тодруулбал хувиараа бизнес эрхлэгчдийн 90 хувь нь гэр бүлийн орлогод “маш их нөлөөлсөн” гэж үзжээ. Харин олон улсын байгууллага, төрийн байгууллагад ажилладаг иргэдийн гэр бүлийн орлогын нөлөө харьцангуй бага байна.
COVID-19 иргэдийн 700 мянган төгрөг хүртэлх өрхийн орлоготой бүлэгт хамгийн их нөлөөлсөн байна. Насны ангиллаар авч үзвэл 40-49 насны, хувиараа бизнес эрхлэгчдийн өрхийн орлогод хамгийн их нөлөөлжээ. Иргэдийн гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд одоо байгаа хуримтлалаараа ямар хугацаанд амьдрах талаар тодруулахад судалгаанд оролцогсдын 72 хувь нь хадгаламж байхгүй, 14 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд амьдрах боломжтой байна.
Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд нь иргэдийн орлогод хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад судалгаанд оролцсон иргэдийн 45 хувь нь орлогод нөлөөлөхгүй, 25 хувь нь орлого нэмэгдэнэ гэж хариулсан бол 30 хувь нь гарсан шийдвэрийн талаар тодорхой мэдээлэлгүй байна.
Г.Сүрэн