МШХ-ны тамирчдын зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Бид нэг гэр бүл” Монголын шилдэг тамирчид оролцох хандивын цахим зэрэг тоглолт энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан МУГТ, Их мастер, Тамирчдын зөвлөлийн дарга Б.Мөнгөнтуултай ярилцлаа.
-Шатрын онлайн хандивын тоглолтоор цуглуулсан мөнгөө ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад хандивлана-
-Хандивын аян зохион байгуулж байгаа та бүхэнд баяр хүргэе. Ярилцлагаа энэ тэмцээний талаар эхэлье?
-Баярлалаа. Дөрөвдүгээр сарын 25-нд 18:00-20:00 цагийн хооронд хоёр цагийн онлайн тоглолт болно. Манай шатрын шилдэг тамирчид, их мастер болон олон улсын мастерууд шигшээ багийн тамирчид нийлээд 14 шатарчин тоглоно. Нэг хүн 20 хүнтэй зэрэг тоглохоор зохион байгуулж байна. Шатрын спорт сонирхдог бүх хүнд нээлттэй. Хандивын аянаар цуглуулсан мөнгөө ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад хандивлана. Мөн бидний эхлүүлсэн хандивын аяныг иргэд, эцэг эхчүүдийн зөвлөл, МШХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, УИХ дахь шатрын спортыг дэмжих Лобби бүлгийн дарга, МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг зэрэг олон хүмүүс сайнаар хүлээн авч дэмжиж уриалж байгаад баяртай байна.
-Хандивын онлайн тоглолтонд оролцохын тулд яаж бүртгүүлэх вэ?
-Гэр гэрээсээ сайт дээр тоглоно. Шатрын lichess.org сайтад бүртгүүлж, ID хаягтай болно. Оролцох тоглогч өөрийн боломжоороо хандивын дансанд хандивын мөнгө шилжүүлснээр бүртгэл баталгаажна. ID хаяг нээсэн тохиолдол олон улсын болон Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн уралдаануудад оролцох боломжтой болно.
-Хэдэн хүртэл бүртгэл нь явагдах вэ?
-Тодорхой тооны тамирчид тоглож байгаа учраас тоглогчдын тоглох боломжтой тооны хязгаарт хүрэхэд бүртгэл дуусна. Хэрэв тоглогчдын тоо бүрдээгүй байвал онлайн тоглолт эхлэх хүртэл бүртгүүлэх боломжтой.
-Олон улсад болоод манайд шатрын цахим тоглолтууд явагдаж байна уу?
-Олон улсад шатрын спорт онлайн хэлбэрт шилжиж, маш олон тэмцээн зохион байгуулж байна. Мэргэжлийн тамирчид болоод сонирхогчдын дунд. Манай улсын тухайд урд нь онлайн хэлбэр байсан ч тоглодог хүмүүс цөөхөн байлаа . Тэгвэл одоо цаг үеийн байдлаас шалтгаалж олон болж байна. МШХ-ноос өнгөрсөн гурван сард нэг сарын хугацаанд үргэлжилсэн багийн лигийн тэмцээнээ зохион байгуулсан. Монголд эхний лиг олон үе шаттай. Үе шат бүр дээрээ дөрвөөс таван тэмцээнтэй байдаг. Тэр үед 20 баг орж байсан бол дөрөвдүгээр сард 34 баг болж нэмэгдсэн байна. Харин одоо ганцаарчилсан төрлийн тэмцээнээ зохион байгуулж байна. Ганцаарчилсан тэмцээнд 200 гаруй хүн тоглож байна.
-Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг шатрын олимпиад хойшиллоо?
-Дэлхийн шатрын спортоор хичээллэдэг залуусын хооронд болдог хамгийн том тэмцээн бол олимпиад. Олимпиад хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ жил ОХУ-ын Москва хотноо болох байсан ч нэг жилээр хойшилсон байна. Уг тэмцээнд 180 орны хоёр мянган тамирчин оролцдог. Мөн цар тахлаас үүдэн дэлхий дахинаа шатрын спорт цахим хэлбэрт шилжиж байна. Дэлхий аваргын төлөөх өрсөлдөөн гэж найман их мастер, дээд мастерууд тоглож байсан тэмцээн дундаа ороод хойшилсон. Бусад спортын тэмцээн уралдааны ижил шатрын тэмцээн ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.
Шатарт нэг нүүдэл нүүхийн тулд хоёроос гурван нүүдэл давуулан харах хэрэгтэй болдог. Тиймээс олон талаас нь бодож дүгнэлт, шийдвэрээ гаргаад нүүх болдог юм. Дараа нь өөрийн нүүх зүйлээ төлөвлөж, сонголт хийх чадвартай болно. Амьдралдаа ч энэ ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.
-Ирэх жил зохион байгуулагдах шатрын олимпиадад ямар зорилго тавьсан бэ?
- Дэлхийн 180 орны тамирчид оролцох бөгөөд багийн системээр явагддаг. Эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр төрөлтэй. Нэг багт таван хүн байна. Шатрын олимдиадад манай улсын хамгийн сайн үзүүлэлт 2014 онд 16-р байранд орж байсан нь. Харин 2008 онд С категорит алтан медаль 2014 онд В категорит алтан медаль авсан. Мөн багийн тэмцээн боловч хувийн амжилтын медаль гэж байдаг. Миний хувьд хоёр удаа нэгдүгээр ширээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан. Манай баг дараагийн олимпиадад багаараа амжилтаа ахиулах, ширээний шагнал авахад анхаарлаа хандуулж байна.
-Сүүлийн үед хүүхдүүд шатрын спортыг илүү сонирхох болж. Тэгвэл яагаад шатрын спортоор хичээллэх хэрэгтэй вэ?
-Шатар тоглодог, тоглодоггүй хүүхдүүдийн аливаа зүйлийг хүлээж авах хандлага нь өөр байдаг. Шатарт нэг нүүдэл нүүхийн тулд хоёроос гурван нүүдэл давуулан харах хэрэгтэй болдог. Тиймээс олон талаас нь бодож дүгнэлт, шийдвэрээ гаргаад нүүх болдог юм. Дараа нь өөрийн нүүх зүйлээ төлөвлөж, сонголт хийх чадвартай болно. Амьдралдаа ч энэ ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Хүн бүр мэргэжлийн шатарчин болохгүй юм гэхэд энэ спортоор хичээллэвэл цаашдын амьдралд нь хэрэгтэй.
Долоон настай байхдаа Унгар улсад зохиогдож байсан дэлхийн өсвөрийн аваргын тэмцээнд оролцож байхад болсон. Миний хажууд өнгөт арьстай нигер охин сууж байлаа. Анх удаагаа өнгөт арьстай хүн харж байсан болохоор тоглолт, өргөө бодохгүй тэр хүүхэд рүү харж байгаад аавдаа загнуулж байсан.
-Таны хувьд ОХУ-д шатрын боловсрол эзэмшсэн. Хэдэн настайгаасаа шатар тоглож эхэлсэн бэ?
- Би таван настайгаасаа хойш шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Анхны багш минь аав минь. Намайг 12 настай байхад манайх гэр бүлээрээ Москва руу нүүсэн. ОХУ-ын Нийгмийн Их Сургуульд нийгмийн сурган хүмүүжүүлэгч, шатрын дасгалжуулагч,зохион байгуулагч мэргэжлээр сурч төгссөн. Москва хотод арван жилийн хугацаанд амьдарч байгаад 2012 онд эх орондоо ирсэн. ОХУ-дсайн дасгалжуулагч, багштай, олон тэмцээн уралдаанд оролцсон байна.
-Таны хувьд 13 насандаа Олон улсын мастер, 15 насандаа шатрын Их мастер цолыг хүртсэн. Энэ амжилтаараа дэлхийн хамгийн бага залуудаа амжилт үзүүлсэн цөөхөн тамирчдын нэг болж чадсан. Шатрын Их мастерийн цолоо авч байх үеийн мэдрэмжээ нэхэж нэг дурсвал?
-Их мастер бол шатрын спортын дээд оргил цол. Монголын анхны эмэгтэй Их мастерийг 15 настайдаа авсан. Цол авах болзлуудаа биелүүлээд дараа нь ДШХ-ны хурал дээр авч хэлэлцэгдэж албан ёсоор батлагддаг зүйл. Албан ёсоор батлагдаж цолоо авах болсныг ээжтэйгээ хамт явж байхад ээж рүү залгаж хэлэхэд маш их баярлаж байсан. Энэ амжилтын төлөө ганцхан би гэлтгүй гэр бүл найз нөхөд олон хүмүүс хамтдаа зүтгэж тусалж байсан.
-Олон тэмцээн уралдаанд оролцож явахад тохиолдож байсан нэг хөгжилтэй дурсамжаа хуваалцаач?
-Хөгжилтэй зүйл олон болдог. Долоон настай байхдаа Унгар улсад зохиогдож байсан дэлхийн өсвөрийн аваргын тэмцээнд оролцож байхад болсон. Миний хажууд өнгөт арьстай нигер охин сууж байлаа. Анх удаагаа өнгөт арьстай хүн харж байсан болохоор тоглолт, өргөө бодохгүй тэр хүүхэд рүү харж байгаад аавдаа загнуулж байсан. Тухайн үед надад бол их л сонирхолтой байсан.
- ОХУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн дэлхий аварга шалгаруулах тэмцээнд 13-р байранд эрэмбэлэгдсэн. Энэ тэмцээний тухайд?
-Энэ тэмцээн сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд жил бүр зохион байгуулагдаж байгаа.Түргэн болон түргэвчилсэн /блиц болон рапид/ тоглолтын дэлхий аварга шалгаруулах тэмцээн юм. Улс бүрийн шилдэг 150 гаруй мэргэжлийн шатарчин оролцсоноос түргэн тоглолтын төрөлд нь 13-р байранд орсон.
Азиуд сэтгэлзүй сайтай. Манай улсын тамирчдын тухайд дайчин, дайрч тоглодог бол Гүрж улсын тамирчид тайван, байрлалаа барьсан тоглолттой. Энэтхэг улсын тамирчдын тайван байдал нь бясалгал зэргээс нь их шалтгаалдаг.
-2000 онд ОХУ-ын тамирчин Александра Костенюкийг хожиж байсан. Энэ тэмцээн бол яахын аргагүй олон хүнийг асуултад хүргэсэн тэмцээн?
-ОХУ-ын түргэн тоглолтын аварга болж байсан. Би арванхоёр настай байлаа. Сүүлийн өрөгт тухайн үеийн ОХУ-ын номер нэг шатарчинтай тоглосон. Би цагаан талаас тоглож хожсон. Гэхдээ ковицентийн үзүүлэлтээрээ Александра Костенюк түрүүлж, би хүрэл медаль авч байсан.
- Азиуд, тэр дундаа монголчууд оюуны маш өндөр чадамжтай. Тэгвэл олон улсын тамирчдын ялгаа юунд байна?
-Эмэгтэй ангилалд дэлхийд номер нэгт Хятад улсын тамирчид ордог. Дараагаар нь Энэтхэг, ОХУ,Украйн, Гүрж, гэх улс орно. Энэ нь улсын дэмжлэг, бодлогоос нь хамаардаг байх. Олон жилийн түүх, улс улсын онцлог байдаг. Азиуд сэтгэлзүй сайтай. Манай улсын тамирчдын тухайд дайчин, дайрч тоглодог бол Гүрж улсын тамирчид тайван, байрлалаа барьсан тоглолттой. Энэтхэг улсын тамирчдын тайван байдал нь бясалгал зэргээс нь их шалтгаалдаг.
-Төр засаг, МШХ-оос тамирчдаа хэр дэмжин ажиллаж байна вэ?
-Манайх 2012-2016 онд улсын шигшээ багтай байсан. Түүнээс хойш татан буугдсан. Тэгвэл энэ жилээс дахин байгуулагдлаа. Үе үеийн шатрын холбоо сайн ажиллаж байсан. 2019 оны аравдугаар сард Шатрын холбооны шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болсон. Шинэ ерөнхийлөгч маань ажлаа аваад төлөвлөөд, хэрэгжүүлээд явж байтал цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн. Гэхдээ ажил зогсоогүй цахим байдалд шилжсэн. Тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг хангаж байна.
-БНХАУ-д зохион байгуулагдсан “Binhai chess open” олон улсын II нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Энэ тэмцээний тухайд?
-Сүүлийн жилүүдэд Хятад улсад олон нээлттэй тэмцээн зохион байгуулагдах болсон. 2019 онд эхнийх нь зохион байгуулагдсан. Сая нэг сарын 12-18-ны хооронд хоёр дахь тэмцээн нь боллоо. Нээлттэй тэмцээн гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо тоглодог холимог тэмцээн. Эмэгтэйчүүд дундаасаа хамгийн сайн үзүүлэлт үзүүлээд нэгдүгээр байранд шалгарсан.
-Хөдөө орон нутгийн сурагчдаас шатрын спортоор хичээллэх сонирхолтой олон хүүхдүүд байдаг ч заах багш, нөхцөл боломж сайн байдаггүй. Тэгвэл хорио цээрийн энэ нөхцөлд теле хичээл заах боломжтой юу?
-Монголыг шатрын холбооноос энэ тал дээр ажиллаж байна. Өмнө холбооноос орон нутаг руу явуулж сургалт семинар зохион байгуулдаг байсан. Цахимаар болон МҮОНРТ-ээр теле хичээл гарч байгаа.
-Гарын шавь бэлтгэх сургалтын төв байгуулах уу?
-Одоогоор гарын шавь бэлтгэж клуб нээгээгүй байна. Гэхдээ Сакура олон улсын сургуульд шатрын дугуйлангийн багшаар ажилладаг. Долоо хоногт хоёр удаа сургууль дээр очиж сургуулийн дугуйлангийн хүүхдүүддээ хичээл заадаг. Миний хувьд өөрийн тавьсан зорилгынхоо төлөө тоглоно гэж бодож байна. Яагаад мэргэжлийн шатарчин, дасгалжуулагч хоёрыг хамтатгахгүй байна вэ гэвэл аав бага байхаас минь надад сургасан зарчим байсан. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэж миний шавь болохоор ирсэн хүүхдүүдийн итгэл найдвар болж ажиллах байж, өөрөө тэмцээн уралдаанд явж тухайн хүүхдүүдэд 100 хувь цаг заваа зарцуулж чадахгүй учраас хэцүү. Тиймээс тэмцээн уралдаандаа оролцож байгаад уралдаан тэмцээнд оролцох нь багасах эсвэл зодог тайлсныхаа дараа клуб нээж, өөрийн гарын шавь бэлдэнэ гэж боддог.
-Шатрын спортыг сонирхож хандивын тоглолтонд оролцох хүсэлтэй хүмүүст хандаж хэлэхэд?
-Цар тахлын энэ үед биднийг эмчилж хамгаалж байгаа хүмүүс бол эмч эмнэлгийн ажилчид. Энэ ажил тэр хүмүүст баярлаж байгаагаа мөн урам өгөх зорилготой. Бидний шатарчдын тухайд шатраа л тоглож чадна. Тиймээс шатраараа дамжуулан талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүсэж байна. Хүүхэд залуусдаа хандаж хэлэхэд хорио цээрийн дэглэмийн энэ үед өөрсдийгөө хөгжүүлэхэд шатрын спорт их тохиромжтой гэж хэлмээр байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Г.Мичидмаа