БНХАУ-д нийлүүлэлтийн тасалдал анх үүсгэж байсан вирусын тархалт одоо дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц томоохон цочрол болж хувирлаа. Зүүн Ази, Номхон Далайн (ЗАНД) хөгжиж буй орнууд дэлхийн худалдааны хурцадмал байдлын нөлөөллөөс алгуур сэргэж байсан ч COVID-19 халдварын тархалттай тэмцэж, цаашид дэлхийн санхүүгийн зах зээлийн цочрол, хямралтай нүүр тулгарах төлөвтэй боллоо.
Зүүн Ази, Номхон далайн бүсийн ихэнх улс орнуудын хувьд макро эдийн засгийн бодлогын сахилга батыг сайтар хадгалж, санхүүгийн зохистой хэрэгслүүдийг нэвтрүүлсээр ирсэн тул тодорхой хэмжээний эдийн засгийн цочрол, хэлбэлзлийг даван туулах чадамжтай болсон. Гэвч өдгөө сөрөг нөлөө нь харилцан эрчимжсэн, уламжлалт бус үйл явдлууд тулгараад байна. Бүх улс орнууд эдийн засгийн ноцтой хүндрэлээс бүрэн зайлсхийх боломж хомс боллоо. Тийм ч учраас уг халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөг нь сааруулах зорилгоор эрүүл мэндийн салбарын чадамж, үр ашгийг сайжруулах хөрөнгө оруулалт, халдварын улмаас хамгийн их хохирол амсч буй хэсгийг оновчтой зорилт болгосон бодлогын арга хэмжээ, түүн дотроо төсвийн оновчтой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэдгийг энэ удаагийн Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг COVID-19 тархалтын үед сэдэвт Эдийн засгийн тойм (2020 оны 4 дүгээр сар) ТАЙЛАН-д онцолжээ.
Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эдийн засгийн төлвийн нарийвчилсан төсөөлөл гаргахад хүндрэл учирч байна. Иймд тус тайланд суурь төсөөлөл болон нөхцөл байдал хүлээлтээс муудах тохиолдолд гарч болзошгүй сөрөг хувилбарын аль алиныг нь танилцууллаа. Урьдчилсан гүйцэтгэлээр хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.8 хувиар өссөн бол 2020 онд суурь төсөөллөөр 2.1 хувийн өсөлт үзүүлэх боломжтой ч нөхцөл байдал хүндэрвэл 0.5 хувиар агшиж ч болзошгүй байна. БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсч байсан бол 2020 онд суурь хувилбараар 2.3 хувиар өсөх, сөрөг хувилбараар 0.1 хувиар эдийн засаг нь агшиж мэдэхээр байна байна. Цар тахлын тархалтыг бууруулснаар бүс нутаг тогтвортой сэргэх боломжтой ч санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байна.
Түүнчлэн COVID-19-ын сөрөг нөлөө ядууралд ноцтой нөлөөлөхөөр байна. Цар тахал гараагүй байх тохиолдолтой харьцуулахад 2020 онд бүсийн хэмжээнд цар тахал дэгдсэнээс шалтгаалан суурь төсөөллөөр ядуурлаас гарах иргэдийн тоо 24 саяар бага буюу ийм тооны хүн ядуурлаас гарч чадахгүй байх (нэг өдөрт 5.50 ам. доллар гэсэн ядуурлын шугамаар тооцсон) тооцооллыг тус тайлан онцолжээ. Хэрэв эдийн засгийн нөхцөл байдал цаашид улам доройтож сөрөг хувилбар руу дөхөж очвол ядуу иргэдийн тоо 11 сая орчимоор нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг тооцооллоо. Өмнөх төсөөллөөр 2020 онд ойролцоогоор 35 сая хүн Зүүн Ази, Номхон далайн бүсэд, үүнээс 25 сая гаруй хүн БНХАУ-д дангаараа ядуурлаас гарна гэж тооцож байв.
Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч Виктория Кваква "Зүүн Ази, Номхон Далайн бүсийн орнууд олон улсын худалдааны хурцадмал байдал болон БНХАУ-д COVID-19 халдвар тархсанаас үүссэн үр дагаврыг даван туулахаар чармайж байсан ч одоо дэлхийн хэмжээний цочролтой тулгараад байна. Тус бүс нутаг харьцангуй эдийн засгийн дархлаатай байж болох ч улс орнууд урьд өмнөхөөс өргөн цар хүрээнд, хурдтай ажиллах хэрэгтэй" гэдгийг онцолжээ.
Улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавх, цаашид ижил төрлийн цар тахалд хандах урт хугацааны бэлэн байдлыг бэхжүүлэхэд яаралтай хөрөнгө оруулах зэрэг арга хэмжээг тайланд санал болгожээ. Мөн халдварын тархалтыг хязгаарлан хяналтандаа авах, макро эдийн засгийн бодлогыг цогцоор нь харахыг тайлан зөвлөжээ. Өвчтэй иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд татаасын дэмжлэг үзүүлэх зэрэг төсвийн зорилтот арга хэмжээ авах нь халдварын тархалтыг хяналтандаа авахад дэмжлэг болохын сацуу түр зуурын энэхүү доголдол нь цаашид хүний хөгжлийн урт хугацааны алдагдалд хүргэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо “Улс орнуудын авч хэрэгжүүлж буй зоримог арга хэмжээнээс гадна олон улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нь энэхүү халдварт аюулын эсрэг хамгийн үр дүнтэй вакцин болох юм. Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнууд, дэлхийн өнцөг булан бүрт энэ өвчинтэй хамтран тэмцэж, худалдааг нээлттэй байлган макро эдийн засгийн бодлогоо уялдуулан зохицуулах нь зүйтэй" гэв.
Цар тахлын тархалтын үед эмнэлгийн гол хэрэгсэл, үйлчилгээний үйлдвэрлэл ба нийлүүлэлтийг эрчимжүүлж, улмаар нөхцөл байдал дээрдсэний дараа санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын хамтын ажиллагаа, хил-дамнасан шинэ төр-хувийн хэвшлийн түншлэлийг энэхүү тайлан уриалж байна. Бүх улс орнууд эмнэлгийн болон бусад хангамж авах боломжийг бүрдүүлж, бүс нутгийн эдийн засгийг хурдацтай сэргээхийн тулд худалдааны бодлого нээлттэй байх нь чухал байна.
Тайланд дэвшүүлсэн өөр нэг бодлогын зөвлөмж бол зээлийн нөхцөлийг зөөлрүүлэх замаар өрхийн хэрэглээг огцом бууруулахгүй, тогтмол хадгалах, пүүс компаниуд санхүүгийн шууд цочролыг даван туулахад нь дэмжлэг болох явдал юм. Гэвч Зүүн Ази, Номхон далайн бүсийн олон орнуудад өрх, байгууллага, корпорациудын өрийн дарамт аль хэдийн өндөр түвшинд хүрээд байгааг анхаарч цаашид хямрал гүнзгийрэх эрсдэлийг харгалзан үзэж дээрх арга хэмжээг оновчтой хяналт, зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх нь зохистой гэж үзэж байна. Ялангуяа ядуу буурай орнуудын хувьд өрхүүд болон аж, ахуй нэгжүүд өрийн дарамтаа бууруулахад анхаарах нь чухал бөгөөд ингэснээр санхүүгийн эх үүсвэрийг цар тахлын эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг сааруулах, шийдвэрлэхэд чиглүүлэх боломж нэмэгдэх юм.
Мөн COVID-19 халдварт хамгийн ихээр өртөх салбаруудаас өндөр хамааралтай өрхүүдийн хувьд ядууралд орох магадлал ихтэй байна. Тухайлбал, Тайланд, Номхон далайн арлын орнуудад аялал жуулчлалын салбар, Камбодж, Вьетнам улсад боловсруулах үйлдвэрлэлийн салбар, мөн бусад бүх улс орнуудад албан бус хөдөлмөрөөс хамааралтай өрхүүд нь дээрх эрсдэлт бүлэгт тооцогдож болно. Зарим улс орнуудад COVID-19 халдварын сөрөг нөлөөнөөс гадна тухайн орны онцлогоос шалтгаалсан сөрөг хүчин зүйлс мөн бий болоод байна. Тухайлбал Тайландад ган гачиг, Монголд түүхий эдийн үнэ буурах зэрэг нь нөлөөлж байна. Номхон далайн арлын орнуудын хувьд буцалтгүй тусламж, аялал жуулчлал, импортоос ихээхэн хамааралтай учраас 2020 оны төлөв байдал нь ихээхэн эрсдэлтэй байна.
COVID-19 цар тахлын тархалтын улмаас улс орон, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, өдөр бүр өөрчлөгдөж байна. Тайлангийн дүн шинжилгээнд улс орнуудын 3-р сарын 27-ны байдлаарх боломжит тоон мэдээллийг ашиглав.
Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй орнуудад COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, эргэн сэргэх хугацааг богиносгох зорилгоор 14 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилтийн багцыг гаргаж байна. Энэ хүрээнд цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах чиглэлээр улс орнуудад санхүүжилт олгох, бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх юм. Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь цар тахлын тархалтын нөлөөнд өртсөн хувийн хэвшлийн компаниудад туслах, ажлын байрыг хадгалахад зориулан 8 тэрбум ам.долларын санхүүжилт олгох юм. Мөн Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк (ОУСБХБ) ба Олон улсын хөгжлийн ассосиаци (ОУХА) нь эрүүл мэндийн хариу арга хэмжээ авахад зориулан эхний 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгоно. Улс орнуудад өргөн цар хүрээтэй дэмжлэг шаардлагатай байгаа тул Дэлхийн Банк Групп нь ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх зорилгоор 15 сарын хугацаанд 160 тэрбум хүртэлх ам.долларыг төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Дэлхийн банк
Уншиж байна |