Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны мэдээлэлд үндэслэн “Ядуурлын дүр төрх-2018” үр дүнгийн тайланг боловсруулж, нийтийн хүртээл болгожээ.
Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурджээ.
Хот, хөдөөд 2016-2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ.
Тухайлбал, хүн амыг хэрэглээгээр нь 5 тэнцүү бүлэгт хувааж, хамгийн бага хэрэглээтэй 20 хувийн бүлгийг авч үзэхэд хотод бодит орлого 1 хувиар буурсан нь дээрх хугацаанд тэдний цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас шалтгаалсан байна.
Түүнчлэн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогынхоо ихэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг худалдан авч хэрэглэдэг хотын ядуу, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусжээ. Энэ нь 2016- 2018 онд хөдөөгийн ядуурлын түвшин 4.1 пунктээр буурсан байхад хотынх бага зэрэг өөрчлөгдсөн байгаагаас харагдаж байна.
Хот, хөдөөд ядуурал жигд бус бууралттай байна. Хөдөөд ядуурал 4 пунктээр буурсан харин хотод өөрчлөлтгүй байжээ. Хотын ядуу хүн амын хэрэглээний өсөлт бага, харин хөдөөгийн ядуу хүн амын хэрэглээ эрчимтэй өссөн байна.
Хөдөөд, ялангуяа хөдөө нутагт хүн амын орлого, хэрэглээ бусад суурьшилтай харьцуулахад илүү эрчимтэй өссөн байна. Орлого, хэрэглээний энэ өсөлт 2016 онд 34.9 хувь байсан хөдөөгийн ядуурлын хамралтын хүрээг 2018 онд 30.8 хувь болж 4.1 пунктээр буурахад нөлөөлжээ. Эсрэгээрээ, хотын хүн амын хэрэглээний өсөлт бага байгаагаас ядуурлын бууралт зогсонги байдалд орж, 2016-аас 2018 оны хооронд ядуурлын хамралтын хүрээ өөрчлөлтгүй 27 хувьтай хэвээр байна. Хэрвээ эдийн засгийн өсөлт тэгш хуваарилагдаад, хэрэглээний тэгш бус байдал нэмэгдээгүй байсан бол хотод ядуурал 2 пунктээр буурахаар байжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь хотын ядуу иргэдийн амьжиргаанд сөргөөр, харин мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөөгийн малчдад эерэгээр нөлөөлжээ.
Ядуу өрхүүдийн хүнсний хэрэглээндээ зарцуулсан мөнгөн дүнгийн эзлэх хувь нийт хэрэглээнд нь өндөр хувийг эзэлдэг учраас хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэдэг хотын ядуу хүн амд үнийн өсөлт хүнд туссан байна. Харин мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулж орлого олдог, өрхийн хүнсний хэрэглээнийхээ тал хувийг хувийн аж ахуйгаасаа хэрэглэдэг малчид, тэр дундаа ядуу малчдад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тийм ч их нөлөө үзүүлсэнгүй.
Хотод ядуу хүн амын төвлөрөл нэмэгдсэн байна. Ядуурлын хамралтын хүрээ хоттой харьцуулахад хөдөөд өндөр хэвээр байгаа ч хот, хөдөөгийн ядуурлын хамралтын хүрээний зөрүү 13 нь 2010 онд 15.8 пункт (хотод 33.2 хувь, хөдөөд 49.0 хувь) байснаа 2018 онд 3.6 пункт (хотод 27.2 хувь, хөдөөд 30.8 хувь) болж буурчээ. Нийт хүн амын 66 хувь нь хотод амьдардаг бол нийт ядуу хүн амын арван хүн тутмын зургаа (63.5 хувь) нь хотод, тэр дундаа арван хүн тутмын дөрөв нь Улаанбаатар хотод (41.8 хувь) амьдарч байна.
Хот, хөдөөгийн хүн амын хэрэглээний өсөлт болон түүний хуваарилалтын эрс ялгаатай байдал нь тэгш бус байдлын үзүүлэлтэд нөлөөлжээ. Хотын хүн амын хэрэглээний өсөлтийн тэгш бус хуваарилалт нь Жини коэффициентийг өсгөсөн ч хөдөө орон нутагт ядуурлыг бууруулахад чиглэсэн тэгш хүртээмжтэй бодлогын үр нөлөөгөөр үндэсний хэмжээний Жини коэффициент бараг өөрчлөлтгүй (32.7) хэвээр байна.
Хотын хүн амын хамгийн бага хэрэглээтэй 20 хувь 2016-аас 2018 онд хүндхэн нөхцөлд амьдарсан байна. Хотын хамгийн бага хэрэглээтэй 20 хувийнхны бодит орлогын өсөлт 2016- аас 2018 оны хооронд буурсан нь (-1.0 хувь) гол амьжиргааны эх үүсвэр болох цалин хөлс болон хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого саарсантай холбоотой байна. Хөдөө аж ахуйн орлогын өсөлт, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өссөн нь хөдөөд ядуурал эрчимтэй буурахад нөлөөлөв.
Ядуу ба ядуу бус хүн амын хооронд боловсрол, ур чадвар, хөрөнгө санхүүгийн ялгаа харагдаж байна. Ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүн ам, ур чадвар муутай ажилчид ядуу байх магадлал өндөр байна.
Судалгааны 2018 оны дүнгээр ядууралд өртсөн таван ажилчин тутмын гурав нь цалинтай ажил эрхэлдэг боловч ажил нь ихэнхдээ мэргэжил, ур чадвар бага шаардагдах энгийн ажил, хөдөлмөрийн хөлс багатай худалдаа, үйлчилгээний ажлууд байдаг байна. Сүүлийн арван жилд ядуу хүмүүс цалинтай ажил хийх нь нэмэгдсэн ч 30 гаруй хувь нь энгийн, ур чадвар шаардагдахгүй ажил эрхэлж, 40 хувь нь гар урлал, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Эсрэгээрээ, ядуу бус цалин хөлстэй ажилчдын арван хүн тутмын нэг нь ур чадвар бага шаардагдах ажил хийдэг, арван хүн тутмын дөрөв нь удирдлагын, мэргэжлийн, техникийн албанд ажиллаж байгаа нь ядуу болон ядуу бус хүн амын цалин зөрүүтэй байгаа шалтгаан болж байна.
Хөдөлмөрийн насны хүн амын ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу амьдарч байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх цалин хөлс сайтай ажлын байрны эрэлт хэрэгцээг мэргэжил, ур чадвар багатай ядуучууд хангаж чадахгүй байх нь элбэг учраас тэдэнд ажил олоход бэрхшээл байнга тулгардаг. Хөдөлмөрийн насны (15 ба түүнээс дээш нас) хүн амын дунд ажилгүй иргэдийн ядуурлын хамралтын хүрээ 40 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн амынх 34 хувь байгаа нь цалинтай ажилчид (21 хувь), хувиараа хөдөлмөр эрхлэгчид (17 хувь), тэтгэвэрт авагчид (14 хувь)-тай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Манай улсын хүн ам боловсролын түвшин өндөртэй ч, эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшсэн байх нь өндөр цалинтай ажилд орох баталгаа болохгүй байна. Залуу эмэгтэйчүүдийн (25-29 нас) 70 хувь нь дээд боловсрол эзэмшсэн ч энэ нь тэднийг хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцоход нөлөөлөхгүй байна. Хөвгүүд, тэр дундаа хөдөөгийн хөвгүүд гэр бүлийнхэндээ туслахын тулд сургуулиасаа эрт завсардах хандлагатай, харин охид илүү удаан суралцаж, өндөр боловсрол эзэмших хандлагатай байна. Эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшиж байгаа хэдий ч 45 хувь нь эдийн засгийн хувьд идэвхгүй хэвээр байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо бараг 15 нэмэгдсэнгүй. Харин 2018 онд эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо хамгийн өндөр түвшин (72.1 хувь)-д хүрсэн байна. Эндээс ажиллах хүчний оролцооны түвшин дэх хүйсийн ялгаа сүүлийн хоёр жилд нэмэгдсэн нь харагдана. Ажиллах хүчний оролцооны түвшин дэх хүйсийн ялгаатай байдал нь төрөлтийн настай мөн холбоотой бөгөөд хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бууруулдаг байна.
Ядуу хүмүүс санхүүгийн хувьд сул, хөрөнгийн өмчлөл муутай, түүнээс хүртэх үр өгөөж багатай учир ядуу амьдрах нэг нөхцөл болж байна. Ядуу өрхүүд санхүүгийн хувьд сул, хөрөнгийн өмчлөл багатай байна. Гэрт амьдардаг хөдөөгийн ядуу арван хүн тутмын ес нь суурь дэд бүтцийн (сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламж болон байнгын халаалт) аль нэг үйлчилгээгээр хангагдаж чадахгүй байна. Энэ нь ихэвчлэн тэдний сууцны төрөл (гэр), байршлаас (алслагдсан хөдөө эсвэл хотын гэр хороолол) шалтгаалж байна. Хүн амын хамгийн чинээлэг бүлэгт амьдарч буй иргэдийн 40 орчим хувь нь сайжруулаагүй ариун цэврийн байгууламжтай, уламжлалт халаалтын эх үүсвэртэй байна. Энэ үзүүлэлт нийслэлд 50-60 хувь байна. Суурь үйлчилгээний хүртээмж аймгуудын хувьд ялгаа ихтэй, Хангай болон Баруун бүсийн ихэнх аймагт хомсдолтой байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүд ядууралд илүү өртсөн байна. Цаашид хөгжилд хүрэхийн тулд ирж буй хүн ам зүйн (хүн амын цонх үе) сайхан боломжийг ашиглан залуучуудад бодитой, өгөөжтэй хөрөнгө оруулалт хийн, илүү сайн, илүү их ажлын байр бий болгох нь чухал юм.
Ядуу таван хүн тутмын хоёр нь 15, түүнээс доош насны хүүхдүүд байжээ. Ядуурал нь өрхийн хүүхдийн тоо болон хүн ам зүйн ачаалалтай өндөр хамааралтай байна. Энэ нь хүүхдүүдээ тэжээх орлого олдог хүний тоо өрхөд хангалтгүй байгааг харуулна. Бүх насны хүүхдүүд, олон хүүхэдтэй залуу гэр бүл (30-39 нас) ахимаг насныхантай харьцуулахад илүү ядуу байна. Өрх олон хүүхэдтэй болох тусам ядууралд илүү өртөж байна. Тухайлбал 2018 онд 3, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тал хувь нь ядууралд өртсөн байжээ. Мөн өрхийн гишүүний тоо нэмэгдэх нь ядуу амьдрах нэг нөхцөл болж байна. 8-аас дээш ам бүлтэй өрхийн 68.9 хувь ядууралд өртсөн байв.
Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцах боломжтой.