Европийн хөлбөмбөгийн АШТ-ийг 2021 он хүртэл хойшлуулжээ
2020-03-18

 

 

Европийн хөлбөмбөгийн холбоо (UEFA) гишүүн 55 орны хөлбөмбөгийн холбоодтой өчигдөр зөвлөлдөж, коронавирусын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэв.

 

Одоогоор UEFA-гийн Аваргуудын лиг, Европа лиг, дотоодын лигүүд бүгд зогсоод байгаа юм. Эдгээр тэмцээн хойшилсноор “Евро-2020” Европийн АШТ-ийг ч хөндөх нь тодорхой байлаа. Ингээд UEFA-гаас “Евро-2020”-ыг “Евро-2021” болгож, тэмцээнийг 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд явуулахаар шийдвэрлэжээ.

 

Анх төлөвлөснөөр бол Европийн хөлбөмбөгийн АШТ-ийг 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-нд Европийн 12 хотод явуулахаар зэхэж байсан билээ. Ийм шийдвэр гарсантай холбогдон UEFA-гийн Аваргуудын лиг, Европа лигийн хугацааг мөн хойшлуулж, зургадугаар сарын 27 болон 24-нд дуусгах бололтой. Эцсийн шийдийг хараахан зарлаагүй байна. Харин Ла лиг, Сери А, Премьер лиг зэрэг дотоодын лигүүдийг долдугаар сараас өмнө дуусгахаар чиглэл өгчээ. Ийнхүү 2020 оны дэлхийн спортын хоёрдахь томоохон тэмцээнийг ирэх он хүртэл хойшлуулав. Хамгийн гол тэмцээн нь “Токио-2020” билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин