Дэлхийн цомд долоон удаа түрүүлсэн Францын алдарт биатлонч Мартен Фуркад ид залуухан 31 настайдаа спортын замналаа өндөрлүүлж байна. Олимпийн тав, дэлхийн 13 удаагийн аварга тэрбээр улирлын сүүлчийн уралдааны өмнө “Баяртай гэж хэлэх цаг болжээ” хэмээн мэдэгдсэн билээ.
Төрсөн ах, дэлхийн аварга Симон Фуркадыг дагаж биатлонч болсон тэрбээр олимпийн 7, ДАШТ-ий 28 медаль хүртсэн гайхамшигтай замналаа ийнхүү өндөрлүүлэх болов. Мартен Фуркад хоёрдугаар сард Антхолц хотноо болсон ДАШТ-ээс хувийн уралдаанаар 11 дэх алтан медалиа зүүж хэний ч хүрээгүй амжилтыг үзүүлжээ. “Пёнчан-2018” олимпоос гурван алтан медаль хүртээд Фуркад зодог тайлахаар бодож үзсэн ч ДАШТ-ий энэхүү амжилтыг тогтоох зорилгоор хоёр жил уралдсан юм.
Өдгөө юунд ч хоргодохгүйгээр дараагийн ажил амьдралд шилжих болсондоо тэрбээр баяртай байна. “Намайг энэ амжилтыг үзүүлэхэд бүх талаар дэмжиж ирсэн гэр бүлийнхэн, тэр дундаа эхнэр, охиндоо баярлалаа. Миний сонголтыг хүндэтгэж энэхүү спортоор хичээллэх боломжийг олгосон эцэг эхдээ, мөн намайг байнга зоригжуулдаг ахдаа баярлалаа” хэмээн хэлжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |