Олимпийн эрхийн төлөө
2020-03-09

 

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. 35 орны 221 боксчин хүч сорьж буй энэ тэмцээнээс олимпийн 63 эрхийг хуваарилах бөгөөд үүнээс эрэгтэйчүүдийн найман жинд 41, эмэгтэйчүүдийн таван жинд 22 эрх хуваах юм.

 

Манай улсаас 13 боксчин Амманд тулалдсан ч ердөө гурав нь ялагдаагүй үлдлээ. Харамсалтай нь бидний гол найдвар, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Азийн наадмын аварга Э.Цэндбаатар (57 кг) маань БНСУ-ын боксчинд 1:4-өөр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв. Өнөөдөр манай боксчдоос эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг Энэтхэгийн М.Каушиктай, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул Австралийн С.Николсонтой, 60 кг-д М.Намуун Энэтхэгийн С.Каумтай тус тус тулалдаж, тэднийг ялвал олимпийн эрхээ биелүүлэх болно. Сонирхолтой нь манай боксчдын учраа нар нь гурвуулаа ДАШТ-ий хүрэл медальтай ажээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин