Тусгаарлагдсан иргэд шүршүүр шаардах, халуунаа үзүүлэхгүй зэргээр хүндрэл учруулж байна

Дэлхий дахинаа COVID-19 вирусийн халдварын 85220 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, вирусээр өвчилсөн 8861 хүн амь насаа алдаад байна. БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 329 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болжээ. ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр БНХАУ-ыг өндөр түвшинд байна гэж үнэлж байсан бол өнөөдөр дэлхий нийтээрээ эрсдэлийн өндөр түвшинд байгааг анхааруулж эхэллээ.
Монгол Улсад вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Өнөөдөр Туркийн онгоцноос тусгаарлагдах иргэдийг оролцуулахгүйгээр эмнэлэгийн байгууллагад 351 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа аж. Өчигдөр "Сонгдо" эмнэлэгт сэжигтэй иргэнийг тусгаарлан мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж тухайн иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн байна. Уг иргэн үе үе ханиалгаж толгой өвдсөн зовиуртайгаар иргэн тандалт, ажиглалтад байгаа аж. Ажиглалтад байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл учруулах тохиолдол гарч байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Тухайлбал БНСУ-ын Дэгү хотын чиглэлээс ирсэн 17 иргэн Жаргалантын аманд тусгаарлагдаж байгаа. Эдгээр иргэн халууны мэдээллийг өгөхгүй гэдэг зөрчил гаргасан бөгөөд бусдыгаа турхирсан иргэнийг олж тогтоожээ.
Мөн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа иргэд ажлын байрны нөхцлийг голж, тусгай шүршүүр шаардаж, эмч, эмнэлгийн ажилтнуудад үзүүлэхгүй гэх тохиолдол илэрсэн байна. Халуурсан иргэнийг тусгаарлахад гэр бүлээрээ байхыг шаардах зэргээр эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулах явдал гарчээ.
Эрүүл мэндийн яамны зүгээс Монголын эмч нарын ур чадварыг үнэлэх хэрэгтэй байгааг, тусгаарлагдаж байгаа иргэд үүргээ биелүүлэх ёстойг анхааруулж хамтдаа хүчээ нэгтгэж чадвал Монгол Улсад халдварыг оруулахгүй байх боломжтой гэдгийг мэдээллээ. Халдварт өвчний үед иргэний эрхээс илүүтэй хариуцлага ярих цаг юм.
Халуурч байгаа хэр нь онгоцны буудлаас зугтсан тохиолдол ч гарчээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "24 цагаар ажиллаж байгаа бид ядрахгүй үүргээ биелүүлнэ. Хамгийн чухал нь иргэд дэмжиж, хүндрэл учруулахгүй байх юм бол бид ажлын үүргээ гүйцэтгэж чадна. Онгоцоор ирж байгаа хүмүүст эрэмблэн ангилалт хийгдэж байгаа. Тийм учраас цаг хугацаа орно. Бид яаран хуймгай зүйл хийхгүй. Яаран тэвдэлгүй өөрийгөө эрүүл гэж нотлогдсоны дараа хайртай хүмүүстээ очих нь хамгийн чухал" гэдгийг хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ