Японы мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээний банцүкэг саяхан зарлаж, XXI зууны түүхэнд анх удаа ганцхан озэкитэй (Такакэйшо) барилдах болжээ.
Харин өмнөх башёд гэмтлийн улмаас тааруухан барилдсан ч хоёр монгол ёкозүна (Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд) тэргүүлсэн хэвээр байгаа юм. Оны анхны тэмцээнд гялалзтал барилдсан Асанояма, Шёодай нар сэкивакэ, Хокүтофүжи, Эндо нар комүсүби цолтойгоор Хаврын тэмцээнд хүч үзэхээр болжээ. Дээд зиндааны хамгийн доод буюу маэгаширагийн 17-гоос түрүүлсэн Токүшёорюү барууны 2-т бичигдсэн бол дээд зиндааны цорын ганц 100 кг хүрдэггүй бөх Энхо зүүний 4-т тус тус бичигдлээ.
Дээд зиндаанд Нишикиги, Дайамами нар эргэн ирж, 22 настай Котоновака анх удаагаа дэвшиж байна. Котоновака нь их аварга Котозакүрагийн зээ, экс сэкивакэ Котоновакагийн хүү нь юм. Монгол сүмочдоос дээд зиндаанд маэгаширагийн барууны 7-д Тамаваши Б.Мөнх-Оргил, барууны 8-д Кирибаяма Б.Лхагвасүрэн, зүүний 16-д Азүмарюү С.Тодбилэг нар барилдана. Хаврын тэмцээн гуравдугаар сарын 8-22-нд Осакад болох хуваарьтай билээ.
М.Бүүвэй
Уншиж байна |