С.Билгүүн Их мастер цол хүртэнэ
2020-02-21

 

Хоёрдугаар сарын 27-29-нд Арабын Эмиратын Абу-Даби хотноо Олон улсын шатрын холбооны 90 дэх конгресс хуралдаж, шинэ цолтнуудыг батлах юм.

 

Шинэ цолын болзол хүлээж буй 30 олон улсын их мастерийн дунд Монголын 22 настай шатарчин Сумьяагийн Билгүүн буй. Тэрбээр өөрийн чансааг 2497-д хүргэж, их мастерийн гурван баллыг Швейцар, Португал, БНХАУ-ын нэр хүндтэй тэмцээнд 2018-2019 онд биелүүлсэн байдаг.

 

Ховд аймгийн Зэрэг сумын уугуул С.Билгүүн нь ийнхүү Монголын эрэгтэй шатарчдаас төрсөн олон улсын тавдахь их мастер болж байна. Түүнээс өмнө Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа нар их мастер цолд хүрсэн билээ. С.Билгүүний араас сайхан мэдээ удахгүй дуулдах бололтой. Залуу шатарчин У.Насанжаргал, Д.Номин-Эрдэнэ (эмэгтэй), Д.Батсүрэн нар ч их мастерийн баллаа ахиулсаар байгаа юм.

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин