Дэлхийн рекордыг дахин тогтоож, 30 мянган долларын чек гардав
2020-02-17

 

Долоохон хоногийн өмнө тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 6 метр 17 сантиметр болгон эвдсэн Шведийн Арманд Дуплантисийн гайхамшиг үргэлжилсээр байна. Бямба гаригт Шотландын Глазгод болсон тэмцээний үеэр 20 настай Дуплантис эхлээд 5.50 метр, 5.75 метр, 5.84 метр дээгүүр биеэ халаах маягаар харайн түрүүлэх болзлоо хангажээ.

 

Улмаар 6.00 метрийг төвөггүй давж, хөндлөвчийг 6 метр 18 сантиметрт захиалав. Ердөө эхний оролдлогоор энэхүү өндрийг амжилттай давж, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг ахиуллаа. Дэлхийн дээд амжилтын шагналд 30 мянган ам.долларын шагнал хүртсэн Дуплантис “Маш сайхан тэмцээн боллоо, үзэгчид ч намайг идэвхтэй хүчинд энэхүү амжилтыг үзүүлэв. Тэмцээн бүрт рекорд эвдэнэ гэдэг бол хэцүү. Үүнийг бодоход ч хэцүү. Ялах нь хамгийн гол зорилго юм. Ялсны дараагаар өөрийгөө сориод үзэхэд болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин