Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга Н.Төгсцогт (11-0) мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй WBC холбооны өдөн жин буюу 57 кг-ийн аваргын бүсийн төлөө жингийн аварга Гэри Расселтэй (30-1) халз тулалдлаа.
Хэд хэдэн удаа хойшилсон “Showtime Championship Boxing” эвэнтийн оргил тулаанаар нэрлэгдэж байсан тэдний тулаан энэ сарын 9-ны өдөр АНУ-ын Пенсилвани мужийн Эллэн Тауны PPL Center-т болов.
12 үе үргэлжилсэн уг тулаанд мэргэжлийн боксын дэвжээнээ “King Tug” нэрээр тулалддаг олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ялагдал хүлээлээ. Тэрбээр мэргэжлийн дэвжээнд анх удаа ялагдал хүлээн ялалт, ялагдлын харьцаа нь 11:1 болсон.
Тулалдааны дараа “Намайг дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Монгол мандтугай” хэмээн дэлхийн хэвлэлээр дамжуулан мэнд дэвшүүлэв. Гэтэл харин эсрэгээрээ монголчууд энд түүнийг дэлгэцийн араас шүүж суулаа. “Бэлтгэл дутуу байна”, “Цохилт сул, ажиллаад өгөхгүй юм”, “Найз охинтойгоо хөтлөлцөж гүйгээд бэлтгэлээ хийсэнгүй. Тэр охиноос л боллоо” гэх зэргээр үг уралдуулж суув. Түүний чансаатай тамирчин гэдгээ харуулж, тив дэлхийд эх орныхоо нэрийг хэдэнтээ дуурсгасныг мартаж орхиогүй л байлтай.
Мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт анхны тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Онтарио хотын “Citizens Business Bank Arena ордонд хийж, өрсөлдөгч Америкийн Габриэл Брэкстоныг хүнд цохилтоор буулган авч байлаа. Мөн дараагийн тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийж, ялалт байгуулсан. Анхны тулаанаа хийхдээ Н.Төгсцогт ердөө 50 секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авч байлаа. Энэ мэт олон ялалтаар тэр биднийг баясгаж Монгол гэх нэрийг дэлхийд тодоор тамгалсан.
Н.Төгсцогт дөнгөж 17 настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бол 20-тойдоо Олимпийн наадамд финалдаж байлаа. Гэвч Солонгост болсон Азийн наадамд оролцохдоо шүүлтийн булхайнаас болоод ялалтаа алдаж байв. Энэ шударга бус шүүлт түүнийг сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн тамирчин болоход нөлөөлсөн гэдэг.
Үүнээс хойш мэргэжлийн боксын рингенд олон шилдэг тамирчидтай тулалдаж, ялалт авч, монголчуудаа баярлуулсаар ялалтууд үргэлжилсээр, дуулиан тарьсаар л байлаа. Гэтэл түүний ганцхан ялагдалтай хамт монголчууд тэр чигтээ буугаад өгчихөв. Түүнд дахиад олон тэмцээн бий...Тиймээс сэтгэлийн болоод биеийн хүчийг нь бүү гундаа, монголчууд аа. Ялалт, ялагдал хоёрын алинд нь ч хамт байж суръя.
Н.Төгсцогт өнгөрөгч оны зургадугаар сард эх орондоо ирж хэвлэлийн хурал хийх үеэрээ “Би бүх холбооны бүсийг цуглуулж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийг зорьж байгаа” хэмээж байлаа. Мэдээж чи чадна аа залуу минь...
Б.Итгэл