Зарим иргэдийн Ebarimt.mn системд бүртгүүлсэн НӨАТ-ын буцаан олголтыг эргүүлэн татсан тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, татварын цахим үйлчилгээг өргөжүүлэх талаар мэдээлэл өнөөдөр /2020.01.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчдөд төлсөн албан татварыг нь урамшуулал болгон олгох ажлыг зохион байгуулах үе эхэлж байна. Урамшууллыг олгохтой холбоотой хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл өгье.
НӨАТ-ын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч байхаар зохицуулсан.
АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ
5 дугаар зүйл.Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч
5.1.Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.
Уг албан татвар төлөгчийн худалдан авалт шаардлагуудыг хангасан тохиолдолд албан татвараа буцаан авах зохицуулалттай. Энэ зохицуулалт нь 15.2.1-т хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох, 15.2.2-т сугалааны тохирлоор урамшуулал олгох гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Энэ журмын 3.2.1-т зааснаар шаардлага хангаагүй тохиолдолд урамшууллыг хүчингүй болгох зохицуулалт байгаа” гэлээ.
ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан байна. Эдгээр иргэнээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд хуульд заасан шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг шалгаж ажилласан. Шалгалтаар 996 иргэний 2.1 тэрбум төгрөг одоогийн байдлаар "хянагдаж байгаа" төлөвт байна.
Тэгэхээр буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнх нь татвар төлөгч иргэддээ олгогдоно. Харин 996 иргэний хувьд "хянагдаж байгаа" нөхцөл шалгуурыг тооцоод шалгуур хангагдаж байх юм бол буцаан олгох төлөвт шилжинэ. Хэрэв шалгуур хангаагүй тохиолдолд буцаан олголт цуцлагдана.
Эрсдэл тооцох жишээ:
Үүрэн телефоны офераптор компаниудаас өдөрт нэг иргэн 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголтын баримтыг системд бүртгүүлсэн байна.
Мөн шатахуун импортлогч компаниас өдөрт нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгийн баримтыг системд бүртгүүлсэн байна. Энэ байдлаар хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн оролдлого байгаа учраас хуульд заасан хэмжээний хүрээнд буцаан олголтод зайлшгүй хяналт шалгалтын ажиллагаа, эрсдэл тооцох ажиллагааг хийж байгаа юм” гэж ярилаа.
Татварын ерөнхий газраас нэг иргэн өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн үнийн дүнтэй баримт бүртгүүлэх боломжгүй гэж үзжээ. Иймд нэг өдөрт хэт олон баримт бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нягталж буй аж. Гэхдээ энэ нь худалдан авалтуудыг цуцалсан гэдэг ойлголт биш. Нэг өдөрт маш их хэмжээний худалдан авалт хийсэн 996 иргэдийн мэдээлэл шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд "хянагдаж байгаа" төлөвөөс "буцаан олголт" төлөв рүү шилжүүлж байгаа юм байна.
Б.Итгэл