Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно
2020-01-28

 

 

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн Войслав Бралушич түр хугацаанд орлох юм байна. Түүний хувьд найман жилийн хугацаанд Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрчим”, “Дэрэн”, “Андууд Сити” зэрэг клубт ажиллаж иржээ.

 

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан Герман мэргэжилтэн Майкл Вайсс гурван жилийн дараа ажлаа хүлээлгэн өгчээ. 2017-2018 онд тэрбээр Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давжээ. Улмаар Тайвань улсад болсон 2-р шатанд БНАСАУ, Тайвань, Хонконг гэсэн хүчтэй багуудтай тулж өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн юм.

 

Мөн “Катар-2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний шатанд Бруней улстай учраа таарч хоёр тоглолтын нийлбэр 3:2-оор цааш шалгарч Япон, Кыргызстан, Тажикистан, Мьянмарын шигшээ багуудтай нэг хэсэгт хуваарилагдан зургаан тоглолтыг хийн энэ шатны анхны хожлоо авсан билээ. Түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг албан ёсны 19 тоглолтыг хийж Макао, Мьянмар, Умард Марианы Арлууд, Бруней, Лаос зэрэг улсуудыг буулган авч, Япон, Кыргызстан, Тажикистан зэрэг чансаа дээгүүр багуудтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байв.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин