Дэлхийн Банкны Зүүн ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква Монгол Улсад 1 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд албан айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол улс 2016 оны эдийн засгийн хямралаас хойш хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтэд гарсан ахиц дэвшлийг онцолсоны зэрэгцээ энэхүү ололт, амжилтаа улам баталгаажуулж, одоогийн хэрэгжүүлж буй шинэчлэлээ тууштай үргэлжлүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.
Хатагтай Викториа Кваква айлчлалын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан, Монгол Банкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн нартай албан уулзалт хийж, Дэлхийн Банк, Монгол Улс хоорондын урт хугацааны түншлэл, Монгол улсын нийгэм, эдийн засгийг цаашдын хөгжилд Дэлхийн Банкны зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр ярилцсан бусад гол асуудлууд дотор Монгол Улсын хөгжлийн богино болон дунд хугацааны сорилт, бэрхшээл, түүнийг даван туулахад чиглэсэн Засгийн газрын шинэчлэлийн хүчин чармайлтыг Дэлхийн Банк хэрхэн үр дүнтэйгээр дэмжин ажиллах тухай асуудлууд багтав.
“Макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийг төрөлжүүлэх, засаглалыг бэхжүүлэх замаар дундаас дээш орлоготой орон болох зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нь Монгол улсад дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн Банк ямагт бэлэн байх болно,” хэмээн Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч хатагтай Кваква хэлэв. “Албан уулзалтуудын явцад Монгол Улсын хөгжлийн богино хугацаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, илүү хүртээмжтэй өсөлтийг бий болгох, институцийн болон хүний хөгжлийг улам бэхжүүлэх зэрэг стратегийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар голлон ярилцлаа.”
Айлчлалын үеэр хатагтай Кваква хөгжлийн түнш байгууллагууд, хувийн салбарын төлөөлөл болон бусад талуудтай уулзав.
Дэлхийн Банкнаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй зээл, тусламжийн хэмжээ одоогийн байдлаар 349 сая гаруй ам.долларыг даваад байгаа бөгөөд уг төсөл, хөтөлбөрүүд нь уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүч, боловсрол, мэдээлэл харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, төв болон орон нутгийн засаглалын чиглэлээр хэрэгжиж байна.
Хамгийн сүүлд Дэлхийн Банкнаас Монгол улсын өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдсэн Монгол улсын бодлогын шинэчлэлийг дэмжин “Монгол Улсын Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн 2 дахь шатны санхүүжилт болох 100 сая ам. долларын зээлийг батлаад байна.
Дэлхийн Банкнаас Монгол улстай цаашид хамтран ажиллах Түншлэлийн стратегийг 2020 онд багтаан боловсруулна.
Эх сурвалж: Дэлхийн банк
Уншиж байна |