Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт Спортын төв ордонд дөрвөн өдөр бөх сонирхогчдын нүдийг хужирлаж, гал гарсан сонирхолтой барилдаанаар дүүрэн болж өндөрлөсөн билээ. Эрэгтэйчүүдийн 97 кг буюу хагас хүнд жинд Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хилчин” спорт хорооны тамирчин Чинбатын Алтангэрэл урамтай сайхан барилдаж 22 настайдаа Монгол Улсын аваргаар анх удаа тодорсон. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Хэд дэх удаагаа оролцож аварга болов?
-Гурав дахь удаагаа хүч үзсэн. 2018 оны УАШТ-д 92 кг-ын жинд анх барилдаж хүрэл медаль хүртэж байлаа. Өнгөрсөн жил хагас шигшээд ОУХМ Ө.Батзул, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ П.Өсөхбаатар ах нарт ялагдаад медальгүй хоцорсон. Харин энэ жил гурав дахь оролдлогоороо улсын аварга боллоо. Нийт дөрвөн барилдаан хийж эхлээд “Алдартан”-ы Э.Мөнх-Эрдэнэ, шөвгийн наймд манай “Хилчин”-ий ОУХМ Л.Төртогтох ахыг, хагас шигшээд “Харгант цамхаг”-ын Т.Мөнгөншагайг, алтан медалийн төлөөх барилдаанд “Хасу-Мегастарс”-ын ОУХМ Б.Өлзийсайхан ахыг тус тус ялж анх удаа улсын аварга болсон.
-Улсын аваргаар барилдсан бөхчүүдтэй өмнө нь таарч байв уу?
-Бүгдэдтэй нь барилдаж байсан. Л.Төртогтох, Б.Өлзийсайхан ах нарт өмнө нь нэг удаа ялагдсан.
-Улсын аваргын алтан медаль энгэртээ зүүгээд олимпын эрхийн төлөө өрсөлдөх эрх аваад зогсож байхад юу бодогдож байв?
-Сэтгэл маш их хөдөлсөн. Цаашид улам хичээж олимп, дэлхийн медальтан болох зорилго маань нэг алхмаар урагшиллаа гэж бодогдсон.
-Олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Бусад орны өрсөлдөгч тамирчдыг судалж байна уу?
-Өнгөрсөн жил Нур-Султаны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай жинд Ази тивээс ганцхан Казахстаны бөх л эрхээ авсан. Хятадад болох Азийн эрх олгох тэмцээнд хоёрхон эрхийн төлөө Иран, Узбекистан, Кыргызстан, Тажикистан, Энэтхэг, Япон гээд чөлөөт бөх өндөр хөгжсөн орнуудын бөхчүүдтэй барилдана. Эрхийн тэмцээнд ирэх магадлалтай тамирчдын бичлэгийг өдөр бүр үзэж судалгаа хийж бэлтгэлээ базааж байна.
-Наана өөр тэмцээнд барилдах уу?
-Энэ сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д барилдана.
-Чөлөөт бөхөөр хэдэн оноос хичээллэсэн бэ?
-Манай нутгийн бахархал, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны удирдлага дор 2015 онд чөлөөт бөхийн “А” үсгийг заалгасан. Нацагаа багшийнхаа отгон шавь нарын нэг. Өдгөө ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, “Хангай хүчтэн” клубийн дасгалжуулагч ОУХМ Д.Гомбодорж нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг.
-Их спортоор хичээллэхэд хэн нөлөөлсөн бэ?
-Ц.Нацагдорж багш маань хамгийн их нөлөөлсөн дөө. Би голдуу үндэсний бөхөөр барилддаг байхад багш маань “Чөлөөт бөхөөр давхар хичээллэ” гэж зөвлөж намайг шавиа болгож байсан. Энэ жилийн улсын аваргын барилдаан бүрт бурхан болсон багшийнхаа анх хэлж сургаж байсан сургаалийг бодож барилдсан даа.
-Амжилтын гараагаа ямар тэмцээнээр эхлүүлж байв?
-2015 оны дөрөвдүгээр сард өсвөр үеийн УАШТ, намар нь Монголын хүүхдийн спортын V наадмын 76 кг-ын жинд дараалан түрүүлж маш их урам зориг орж байлаа.
-Хүнд хэцүү олон барилдаан хийсэн нь мэдээж. Хамгийн их баярлуулсан барилдаанаа нэрлэнэ үү?
-Улсын аваргын шигшээ барилдааныг нэрлэнэ. Шигшээ барилдаанд Б.Өлзийсайхан ахад хожигдож яваад цагийн төгсгөлд ялалтын оноогоо авч алтан медаль хүртэхэд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Өнгөрсөн жил “Монголиа Опен”-д түрүүлэхэд үүн шиг их баярлаж байгаагүй юм байна.
-"Хилчин" спорт хороонд хэзээнээс харьяалагдаж байгаа вэ. Тэмцээний зардлаа хэрхэн шийддэг вэ. Дэмжиж тусалдаг хүн бий юу?
-2017 онд “Хилчин” спорт хороонд тамирчнаар орсон. Манай нутгийн “Бай хөндий цамхаг” ХХК-ийн захирал Баянаа ах маань маш их тусалж дэмждэг. Би энэ компанийн нэр дээр барилддаг. Гадагшаа тэмцээн уралдааны зардлыг аймаг, сумын орон нутгийн удирдлага, нутгийн ах, эгч нар туслалцаа үзүүлдэг. Тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархалаа илэрхийлье. Тэд нарынхаа итгэлийг алдахгүй цаашид улам хичээж барилдана аа.
-Дэлхийн мундаг бөхчүүдээс хэний барилдааныг үзэх дуртай вэ?
-Манай жингийн АНУ-ын бөхчүүдийн барилдааныг харах дуртай. Ялангуяа ДАШТ-ий алт, мөнгөн медальт Абдусалам Гадисовын барилдааны бичлэгийг их үздэг.
-Хилийн чанадад хэр олон тэмцээнд оролцсон бэ?
-2018 онд Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ, Словакт залуучуудын ДАШТ, 2017 онд Тайваньд Азийн АШТ, Орост болдог олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож байсан.
-Цаашдын зорилго?
-Гуравдугаар сард сүүлээр БНХАУ-д болох Азийн олимпийн эрх олгох тэмцээн ойрын гол зорилго болж байна. Өөрийгөө бүрэн дайчилж олимпийн эрх авахын төлөө хичээнэ.
-Үндэсний бөхөөр өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсныг чинь мэдэх юм. Өнгөрсөн жил нутгийнхаа наадамд аймгийн харцага цол хүртсэн байхаа?
-Тийм ээ, багаасаа үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Өсвөр үеийн улсын аваргад 2014 онд 16 настайдаа Баян-Өлгийд хүрэл, дараа жил нь Дорноговь аймагт мөнгөн медаль хүртэж, 2018 онд Дарханд залуучуудын улсын аваргад гурвалж байсан. Өнгөрсөн жил аймгийн баяр наадмаар зургаа давж аймгийн харцага цол хүртсэн. Долоогийн даваанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Т.Дүүрэнсарантай тунаж өвдөг шороодсон. Наадмын бэлтгэлээ нутгийнхаа бөхчүүдтэй “Сүүж” ууланд гарсан. Сүүлийн үед чөлөөт бөхдөө анхаараад үндсээр олон барилдаагүй. Цаашид нэг нутгийн Ж.Чулуунбат, Н.Золбоо ах нар шигээ чөлөөт бөх, үндэсний бөхийг хослуулж барилдах бодолтой байна.
-Аймгийн начин цолыг хэзээ хүртэв?
-Өмнөх жил нь эхнэрийнхээ нутагт тав давж аймгийн начин цол хүртсэн.
-Сүүлийн үед үндэсний бөхөөр танай үеийнхэн сайн барилдаж байна шүү?
-Улсын начин Б.Орхонбаяр, аймгийн арслан Б.Лхагвадорж, Н.Өсөхбаяр, аймгийн заан М.Лхагвагэрэл, аймгийн начин Э.Батсуурь, манай чөлөөтийн Төв аймгийн харцага М.Жамсрандорж, 23 хүртэлх насны Азийн аварга Б.Отгонбаяр гээд сайн барилдаж байгаа залуус бүгд 1998 онд төрсөн. Бид хар багаасаа харгүй сайхан барилдаж байна.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй?
-Манай эхнэрийн Э.Энхтунгалаг гэдэг. Бид хүү, охин хоёртой. Намайг үргэлж ойлгож дэмждэг ханьдаа баярлалаа. Манай хадмынхан Булган аймгийн Могод сумын хүмүүс. Улсын баяр наадамд дөрвөн удаа тав давсан манлай начин Э.Энхбат, аймгийн заан Э.Энх-Амгалан нар манай эхнэрийн төрсөн ах нар.
-Чи Баянхонгор аймгийн Баянлиг сумын унаган хүүхэд үү, эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Тийм ээ. Миний бага нас хөдөө мал дээр өнгөрсөн. Эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр дүүтэй.
-Дотно найзалдаг бөхчүүд? -Улсын начин Б.Орхонбаяр, аймгийн начин Б.Ганзолбоо, Л.Одбаяр, ОУХМ Г.Ганхуяг, манай аймгийн сумын заан Б.Бат-Эрдэнэ нартай сайн найзууд.
-“Аварга” сургуулийн оюутан бил үү?
-Тийм ээ. Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү багштай үндэсний бөхийн багш, дасгалжуулагчийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Энэ хавар сургуулиа төгсөнө. Улсын аваргаар 125 кг-д түрүүлсэн ОУХМ М.Лхагвагэрэл бид хоёр нэг ангийнхан.
- Ярилцсанд баярлалаа, зорьсон зорилгодоо хүрээрэй.
Б.БАТ
Уншиж байна |