Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани 2015 онд Монголд албан ёсоор нээлтээ хийсэн. Өдгөө RE/MAX-т АНУ-д ажиллаж амьдарч явсан, Япон улсад боловсрол эзэмшсэн залуусаас гадна төсвийн цалингаас татгалзаж өөрчлөлт, эрс шинэчлэлтийг хүссэн 600 гаруй шижигнэсэн залуус мөр зэрэгцэн ажиллаж байна. Тэдний нэг Г.Энхбат. Тэр REMAX MOST оффисийн захирал.
“Ажлын хажуугаар байр зарна гэдэг давагдашгүй хүчин зүйл”
Түүний RE/MAX-тай амьдралын зам мөрөө холбосон дурсамж соньхон. Г.Энхбат барилгын инженер мэргэжил эзэмшиж барилга угсралтын компани байгуулжээ. Компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хөрөнгө босгохоор барилгын материал нийлүүлэлтийн компанитай бартер хийж хэд хэдэн орон сууц авчээ. “Сайтуудад зар тавиад амархан борлуулна” хэмээн сэтгэсэн ч санаснаар болсонгүй. Нэг сар, хоёр сар өнгөрлөө, байр зарагдсангүй. Сонирхохоор ирэх хүмүүс олон янз. Зарчимч нэгэн байхад “Одоо л үзье” гэхэд нь Оффицероос Нисэхийг зориод очиход “Өнөөдөр үзэхээ болилоо” гэх цаг барьдаггүй өөр нэгэн ч байж. “Яах уу” гэх хариултгүй асуулт, ярвигтай асуудал дунд толгой гашиглаж явсаар дөрвөн сарын хугацааг үдлээ. Байр байсаар л...
“Асуудалгүй зарагдана” гэх итгэл мохож эхлэхэд RE/MAX-д хандахаар шийдэж RE/MAX CENTRAL салбар оффисын хаалгыг татжээ. RE/MAX-ийн талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй орсон тул тэнд гэрээ хийсэнгүй. Явсаар, судалсаар RE/MAX PARTNER оффистой гэрээ байгуулж, хамтран ажиллаж, ажил ч бүтэв. Төөрч, будилж явсаар гаргасан түүний энэ шийдвэр өөрийг нь RE/MAX-ийн “бүтээгдэхүүн” болгожээ.
Энэ тухай REMAX MOST оффисийн захирал Г.Энхбат “Ажлын хажуугаар байр зарна гэдэг миний хувьд давагдашгүй хүчин зүйл мэт санагдаж байлаа. Тэгээд л RE/MAX-т хандсан. Хамгийн эхэнд Сентрал товер буюу тухайн үед Галакси товер байхад нь байрлаж байсан RE/MAX-ийн салбарт орсон. Тухайн үед яагаад ч юм би гэрээ хийгээгүй. Анхан шатны мэдэгдэхүүн ч үгүй хүн чинь аль нь сайн юм бол доо гэж бодож явсаар хотын төвд байгаагаар нь гээд RE/MAX PARTHER оффистой гэрээ хийсэн. Үүнийг сонгосон шалтгаан нь ердөө л хотын төвд. Бас арга мухардаад явж байтал гэнэтхэн л хаяг нь миний нүдэнд туссан. Ер нь манай RE/MAX-ийн удирдлагууд гудамж, талбай руу харуулж хаягаа байршуулахыг зөвлөдөг. Тухайн үед би нээрэн хаягийг нь хараад л орсон доо. Батцоож гээд агенттай гэрээ хийж 400 орчим сая төгрөгийн үнэтэй нэг байр заруулахаар өгсөн. Би энэ байрыг дөрвөн сарын хугацаанд зарах гэж оролдоод чадаагүй болохоор RE/MAX яадаг бол гэх эргэлзээ төрж л байсан. Гэтэл тэр агент хоёр сар хүрэхгүй хугацаанд зарчихсан” хэмээн дурсамж хуучиллаа.
“RE/MAX гэх хөлөг онгоцонд суугаад холын хол аялж явна”
Түүнээс хойш “Миний чадаагүй юмыг эд яаж ийм богино хугацаанд борлуулчихав” гэх цагаахан атаархал тээж бодож, шохоорхож, судалж явсаар RE/MAX гэх их айлын “үр үндэс” болсон аж. Өнөөдөр Г.Энхбат “Ирээдүйд маш олон боломжийг олж харсан учраас би RE/MAX-ийг сонгосон” хэмээн итгэл төгс хариулж сууна. Тэр 2018 онд RE/MAX-ийн франчайз эрхийг авч RE/MAX MOST оффисийг нээжээ.
“Анх RE/MAX-ийн салбарыг нээнэ гэхэд ойр дотны зарим хүмүүс эрсдэл хэлж дургүйцэж байлаа. Эрсдэлээс айгаад хойш суугаад байвал хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Анхлан бизнес эрхэлж буй залуусын хувьд “бүтэлгүйтэх вий” гэх айдас маш том эрсдэл. Гэсэн ч хэрэв сэтгэлд чинь багтаад байвал эхлээд л үзэх хэрэгтэй. Залуу насны алдаа нь хүртэл чинийх л байхаас хойно. Би ч байгаагаасаа байхгүйгээ хүртэл зүтгэсээр бизнесээ үргэлжүүлж байлаа. Анх компаниудтай гэрээ хийх хүртэл том асуудал шиг санагддаг байсан. Нэг эхэлчихвэл ард нь гарахын төлөө хүн зүтгэдэг л юм. Алдсан ч туршлагаар, оносон амжилтаар амьдрал шагнана. Өнөөдөр би RE/MAX гэх их том хөлөг онгоцонд суугаад холын холд аялж явна. Гэхдээ холын хол замд би энэ онгоцны зорчигч биш сэлүүр нь байхыг хүсч байна” хэмээсэн нь түүний гуньж үзээгүй цог золбоо, гутарч үзээгүй хүсэл тэмүүллийг нь тодотгож байлаа.
“RE/MAX-т хөл тавиад нүд нээгдэх шиг л болсон. Залуус юуг хүсч, юунд тэмүүлж байна вэ, харин би хаана явна вэ гээд л олон зүйлийг эргэцүүлэх болсон. Цоо шинэ ертөнц шиг санагдаж байлаа. Орчин, хүрээлэл өөрчлөгдөөд ирэхээр хүн хөгжихийг өсөн дэвжихийг хичээдэг. Өнөөдөр салбар салбарын залуус танилцаж, нөхөрлөж, хүрээллээ тэлж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж байна. Би ч үргэлж хүмүүстэй танилцах хүсэл дүүрэн явдаг. RE/MAX залууст маш олон боломж олгодог. Хамгийн чухал нь суралцах, танилцах, хүрээллээ тэлэх. Үүнийг боломж гэж харахгүй хүмүүс ч байна. Миний хувьд бусадтай танилцаж, тэднээс суралцана гэдэг асар том боломж” гэх нь залуу удирдагчийн ухаан гэлтэй.
“Би дарга, чи цэрэг биш. Бид хамтдаа бүтээх ёстой”
Г.Энхбат өмнө нь барилгыг сүндэрлүүлэн босгодог хүн байсан бол өнөөдөр борлуулдаг хүн болжээ. Төдийгөөс өдийг хүрсэн он жилүүдэд бизнесийн салбар үргэлж түүнийг эрхлүүлсээр ирсэнгүй. Мөнгөгүй ч цүнх дүүрэн “мөрөөдлөө” үүрээд гүйж явсан залуухан борхүүд өмссөн хувцас, унасан машинаараа компанийн захиралд гологдож явсан урамгүйхэн өдрүүдийн уйтай дурсамж ч бий.
Энэ тухай Г.Энхбат “Нэг удаа барилга угсралтын компанитай хамтран ажиллах санал тавихаар яваад орлоо. Тухайн үед энгийн л автомашинтай залуухан инженер байсан. Надтай хамт өөр нэг инженер хамтран ажиллах гэрээ байгуулахаар очсон юм. Тэр хүн Ланд Крузер 200 маркийн автомашинтай. Өмссөн хувцас, зүүсэн цаг нь ч өөртэй минь зүйрлэх юм биш. Дэгжин, чамин гэж нүд гялбам. Гэхдээ бидний тархин доторх мэдлэг тэс ондоо. Уулзалт дээр би илт давуу байсан. Гэхдээ би тухайн үед ялагдал хүлээж өнөө ганган ах тэр компанийн ажлыг авсан. Сүүлд бодоход тухайн компанийн эзэн намайг гадна талаас минь дүгнэсэн юм уу даа гэж харсан. Энэ уулзалт одоо ч миний санаанаас гардаггүй юм. Би тэндээс илүү их хөдөлмөрлөж, илүү ихийг хийж бүтээх ёстой гэдгээ ухаараад гарсан даа” гэж ярилаа.
Ажил горилж захиралд гологдож явсан өдрүүд ард хоцорч шантраагүй хөдөлмөрийн шагналд өнөөдөр тэр өөрөө захирал болжээ. Өдгөө Чингэлтэй дүүргийн 5 хороо, MN Tower барилгын 8 давхарт байрлах RE/MAX MOST оффисийн захирлаар ажиллаж 12 агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Захирал Г.Энхбат “Би хэн нэгэн залууг амжилтад хүрэхэд нь тулах цэг, түших тулгуур нь болохсон гэж маш их хүсдэг. Нэгийг амжилтад хүргэчихвэл бусдыг нь ч амжилт өөд өргөж чадах итгэл төрөх юм шиг санагддаг. Би халаас хоосон ч хийхсэн, бүтээхсэн гэхээс байж сууж чаддаггүй залуу явлаа. Одоо яг л миний адил залуусыг түшээд хамтдаа бүтээхсэн гэж зорьдог” хэмээн ажлаа хийж суугаа агент өөдөө итгэлтэй ширтэх аж.
RE/MAX-чууд өрсөлддөггүй, хамтран ажилладаг. Г.Энхбат захирал ч амь халуун мэдрэмжээр оффисоо дүүргэж, би дарга чи цэрэг гэлгүй бид хамтдаа бүтээхийг хүсдэг гэдгийг хэлж байлаа.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |